ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины удирдагч Владимир Зеленскийтэй нар өчигдөр /2020.07.26/ утсаар ярьжээ. Кремлийн мэдээлснээр яриа Украины талын хүсэлтээр болжээ. Хоёр улсын төрийн тэргүүн нар Донбасс дахь нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар ярилцсан бөгөөд гал зогсоох талаар авах нэмэлт арга хэмжээний тухай тохиролцоог сайшаажээ. Эл тохиролцоонд талууд Харилцах бүлгийн энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар хүрсэн бөгөөд Даваа гарагаас /2020.07.27/ хэрэгжиж эхлэх юм байна. Оросын удирдагч “Нормандын орнуудын” удирдагчдын гаргасан шийдвэрийг, тэр дундаа өнгөрсөн оны сүүлчээр болсон Парисын дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх нь нэн чухал болохыг онцолжээ. Украины хууль тогтоох байгууллага Радагийн долдугаар сард гаргасан орон нутгийн сонгуулийг хийх тогтоол нь Минскийн хэлэлцээртэй зөрчилдөж, нөхцөл байдлыг зохицуулахад заналхийлж байна гэж тэрбээр тэмдэглэсэн байна. Минскийн хэлэлцээрээс өөр хувилбар байхгүй гэсэн Украины Ерөнхийлөгч Зеленскийн илэрхийлж буй байр суурийг Киев бодит үйлдлээр нотлох ёстой гэж Оросын удирдагч цохон тэмдэглэжээ. Үүнээс гадна хоёр орны тэргүүн нар Covid-19 вирусийн халдварын нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.