Ерөнхийлөгч Х.Баттулга Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын дарга Ж.Болдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЦЕГ 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр улс төрийн байгууллага шиг ажилласныг онцолж, хуулиар хүлээсэн чиг үүргээсээ хазайх ёсгүйг захив. ЦЕГ-ын дарга Ж.Болд “Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана” гэв. Өсвөр насныхны дунд хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэг буурахгүй, хүрээгээ тэлж байгаад цагдаагийн алба онцгой анхаарал хандуулах ёстой талаар уулзалтын үеэр ярилцлаа. Түүнчлэн өнөөгийн нийгэмд архидан согтуурснаас үүдсэн гэмт хэрэг гаарч, төрийн тусгай хамгаалалттай объект болох Төрийн ордонд улс төрийн зүтгэлтэн амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлж чадаагүй байгааг Ерөнхийлөгч Х.Баттулга анхааруулав.
Бэлтгэсэн: Б.Нандин