Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс орон, бүс нутагт коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн. Дэлхий дахинд нийт 15.9 сая тохиолдол бүртгэгдснээс 9.8 сая хүн эдгэрч 645 мянган хүн вирусийн халдварын улмаас амиа алджээ.
24 цагийн дотор 283 мянган хүн шинээр коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд энэ нь цар тахал тархснаас хойш хамгийн дээд тоо юм. Коронавирусийн халдвар буурахгүй байгааг эрдэмтэд улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулсан, иргэдийн дунд хайхрамжгүй байдал ихээр бий болж байна, хүмүүс олон нийтийн газар ихээр цугларч байна, залуус халдвар авахгүй гэсэн ташаа ойлголттой байна хэмээн тайлбарлажээ.
Олон улсын эрдэмтэд судалгаа хийсэн хэвээр байна. Норвегийн эрдэмтэд тогтмол гараа угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих нь вирусийн халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг дахин баталжээ. Мөн Португалийн анагаахын хүрээлэнгээс коронавирусээс хамгаалах шинэ амны хаалтыг бүтээсэн бөгөөд тус амны хаалтны материалыг 50 удаа угааж хэрэглэх боломжтой. Манай улсад 210 хүн ажиглалтад шинээр орсон бол 218 хүн өчигдөр ажиглалтаас гарчээ. Ингэснээр нийт 2566 хүн ажиглалтад байгаа бөгөөд эдгээр хүмүүст 100 гаруй эмч мэргэжилтэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа" гэж хэлэв.