Газар нутагт нь буй Туркийн цэрэгтэй тулалдах нэг сая хүн илгээхэд Ливийн омгууд бэлэн байна. Тус улсын Шейхүүд болон омгуудын дээд зөвлөлийн төлөөлөгч Салех аль-Фанди ийн хэлснийг “Аш-Шарк аль-Аусат” сонин эш татжээ. “Омгуудын төлөөлөгчдийн олонх нь эл мөргөлдөөнд хэдийн оролцож, Ливийн үндэсний армитай хамтран тулалдаж байгаа. Туркийн цэрэг Ливийн нутаг дэвсгэрт нэвтрэхээр эцэслэн шийдвэл Египетийн армийг манай омгуудын отрядууд дэмжинэ” гэж тэрбээр хэллээ.
Турк улс халдаж, Ливийн тусгаар тогтнолыг зөрчвөл хоёр улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг хэмээн үзэж Египетийн зэвсэгт хүчин хөндлөнгөөс оролцох эрхтэй хэмээн Ливийн үндэсний армийг дэмждэг парламент нь энэ сарын 14-нд мэдэгдсэн юм. Үүний дараа Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси “Ливичүүд хүсвэл тус улсад цэргээ оруулахыг үгүйсгэхгүй” гэсэн билээ. Шаардлага гарвал Ливийн омгийнхныг сургаж, зэвсгээр хангахаа тэрбээр амлажээ.
Ливид гүйцэтгэх засаглалын хоёр байгууллага хэдэн жил зэрэгцэн оршиж буй. Нэг нь нийслэл Триполидоо байрладаг, Фаиз Сарраж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газар, нөгөөх нь фельдмаршал Халиф Хафтар командлагчтай Ливийн үндэсний армийн дэмждэг, парламенттайгаа хамтран улсынхаа зүүн нутагт үйл ажиллагаа явуулдаг Сайд нарын түр танхим юм.
Х.Хафтар өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 4-нд Триполи руу давшиж эхэлсний дараа нийслэл дэх Засгийн газар нь Туркээс дэмжлэг хүссэн аж. Анкарагийн тусламжтайгаар Үндэсний зөвшилцлийн Засгийн газар нь Ливийн үндэсний армийн эзэлсэн хэд хэдэн газар нутагт хяналтаа сэргээжээ.