“Агапе” хэмээх явуулын эмнэлгийнхэн түлэнхийн шархыг эмчилж, арьс нөхөх мэс засал хийж байна. Тус эмнэлгийн эмч, сувилагч нар баяр наадмын өдрүүдэд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 729 иргэнийг үнэ төлбөргүй үзэж оношлон, 26 хүнд мэс засал хийжээ. Өвчтөнүүдийн нэг болох 13 настай хүүд асран хамгаалагчийнх нь зөвшөөрлөөр арьс нөхөх мэс засал хийсэн байна. 2015 онд халуун тосонд түлэгдэж, гурван удаа мэс засал хийлгэсэн тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард арьс нөхүүлжээ. Гэвч мэс заслын дараа нөхсөн арьс нь шархалж, өвдөгний үе нь бүрэн тэнийх боломжгүй болсон аж. Тиймээс дээрх эмнэлгийн мэс заслын багийнхан шархалсан хэсгийг бүхэлд нь тайрч, цавинаас нь арьс авч нөхжээ. Түлэнхийн сорви шархлаад удвал арьсны хавдар болох эрсдэлтэй. Мөн өсвөр насны хүүхдийн сорвины эд сунадаггүй тул өвдөгний үе цаашид хөдлөх боломжгүй болох байжээ. Энэ төрлийн мэс засал хийлгэх шаардлагатай хүмүүс уг эмнэлэгт хандаж болох гэнэ. Арьс нөхөхөд ашигладаг утас нь өндөр өртөгтэй тул ийм хагалгааг 900 орчим мянган төгрөгөөр хийх юм байна. Энэ нь зөвхөн хагалгааны зардал бөгөөд тус эмнэлэг нь ашгийн бус байгууллага аж. Тэд ирэх сарын эхээр Завхан аймагт ажиллаж, орон нутгийн иргэдэд үзлэг, эмчилгээ үнэ төлбөргүй хийх гэнэ.