Манай улсад “Ковид-19”-өөр өвчилсөн 213 хүн эдгэрсэн. Тэдний 31-ээс нь дахин коронавирус илэрснийг ХӨСҮТ-өөс өчигдөр мэдээлэв. Илаарьшсан хүмүүсийг “Энхсаран” сувилалд тусгаарлан, 14 хоног хянаж, давтан шинжилгээ хийх үеэр коронавирус илэрсэн байна. Тиймээс тэднийг дахин эмчилж буй бөгөөд одоогоор 10 нь бүрэн илаарьшсан гэнэ. Коронавирусээр халдварлаад, эдгэрсэн 126 хүн ажиглалт, хяналтаас бүрэн гарсныг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлсэн. Тэднийг дахин шинжилгээнд хамруулах, эсэхийг ХӨСҮТ-ийнхнөөс тодруулахад “Эмнэлэг, сувиллаас гарсан бол бүрэн эдгэрсэн гэсэн үг. Бид иргэдийг сувилалд байхад нь, бас гэртээ гарсных нь дараа ч сар орчмын хугацаанд хянаж, хэд дахин шинжилгээ хийсний дараа бүрэн илаарьшсан гэж үздэг. Тиймээс ажиглалтаас гарсан хүмүүсийг дахин шинжилгээнд хамруулах шаардлагагүй гэж үзэж байна” хэмээв.
“БНСУ-д эмчлүүлсэн 100 орчим хүнээс дахин вирус илэрснийг өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн. Үүний учир шалтгааныг тус улсын эрдэмтэд судалж, эмнэлгээс гарсан хүмүүс бусдад халдвар тараагаагүй, гэхдээ үүнийг нарийвчлан судлах шаардлагатай гэж олон улсад мэдээлсэн. Яг үүнтэй адил зүйл манай улсад тохиолдлоо. Эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрсэн нь биднийг гайхшируулж байна. Үүнтэй холбоотойгоор бид зарим хүнийг сувилалд тусгаарлах хугацааг сунгасан. Эдгэрсэн хүмүүс вирус тараах уу гэдэгт дэлхий дахин одоохондоо хариулт өгч чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бол тайлагдаагүй асуудал” гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр мэдээллээ.
Бэлтгэсэн: Ч.Зул