Хятадыг зорих тус улсын болон гадаадын иргэд нисэхээс тав хоногийн дотор “Ковид-19”- ийн шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан байх ёстой. Шинжилгээг хилийн чанад дахь БНХАУ-ын ЭСЯ-дын хүлээн зөвшөөрсөн байгууллагуудад өгч, тэдгээр яамдад шалгуулсан байх шаардлагыг тус улсын Иргэний агаарын тээвэр болон Гаалийн ерөнхий газрын мэдэгдэлд дурдсаныг “Xinhua” агентлаг уламжилжээ.
Цар тахалтай холбоотойгоор хүнсний аюулгүй байдал нь үлэмж дордох 27 улсыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтнүүд Дэлхийн хүнсний хөтөлбөрийнхөнтэй хамтран гаргав. Афганистанд гэхэд л хүн амын орлого буурсан энэ үед хүнсний үнэ нь 20 хувиар нэмэгдсэн гэнэ. Бангладешт хямралын улмаас ядуу хүний тоо хоёр дахин өсөхөөр байна. Африкийн орнуудад байгалийн гамшиг, царцааны нүүдэл цар тахлын байдалд нэрмээс болж буй гэнэ. Тиймээс НҮБ хүмүүнлэгийн тусламжийн хэмжээгээ 4285 сая ам.долларт хүргэх шаардлагатай байгаа аж. Цар тахал, үүнтэй холбоотой хязгаарлах арга хэмжээний улмаас манай гаргийн өлөн зэлмүүн хүний тоо 132 саяд хүрч болзошгүй байна.
Давсархаг ус, хэт ягаан туяа вирусийн бүрхүүлийг устгадаг учир далай, тэнгисийн уснаас коронавирусийн халдвар авах аюулгүй гэж ОХУ-ын халдвар, вакцин судлаач Евгений Тимаков мэдэгджээ.
Францын өдөр тутмын “Le monde” сонинд нийтэлснээр, тулгар эхийн хэвлий дэх урагт шинэ коронавирус халджээ. Энэ нь дэлхийн хэмжээн дэх анхны тохиолдол юм. Тус улсын эмч нарын мэдээлснээр, жирэмсний сүүлийн долоо хоногт вирус урагт эхсийн замаар дамжин халдварласан байх магадлалтай аж. Хамгийн азтай нь, хийсвэрээр төрүүлсэн тэрхүү нярайд дөрөв хоног эмчилгээ хийсний дараа “Ковид-19” өвчин нь илааршин, эсрэг бие үүссэн гэдгийг шинжилгээгээр баталгаажуулсан аж. Эл явдал өнгөрсөн гуравдугаар сарын дундуур болсон бөгөөд өдгөө эх, хүүхдийн бие сайн байгаа учраас энэ тухай олон нийтэд мэдээлсэн юм байна.