АН-ын даргын сонгуулийг ирэх сарын 16-нд зохион байгуулахаар товлосон ч хойшлуулсан. Энэ нь тус намын гишүүдийн дунд маргаан үүссэнтэй холбоотой гэж даргын үүргийг түр гүйцэтгэж байгаа Ц.Туваан мэдээлсэн билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн ахлагч М.Тулгат мэдэгдэл гаргалаа. Тэрбээр “Тамга түр хадгалагч” Ц.Туваан намын Хэрэг эрхлэх газрын даргыг томиллоо. Дахиад л дүрэмгүй аашлав. Төрийн сонгуулиар ялагдал хүлээсний дараа нэн түрүүнд зохион байгуулах ёстой ажил бол Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-г хуралдуулах юм. Үүнийг сонгуулийн санал хураалтын өдрөөс хойш 30 хоногийн дотор зохион байгуулах талаар үндсэн дүрэмд заасан. Өөрөөр хэлбэл, энэ сарын 24-нд хуралдах ёстой байтал товлоо ч үгүй байна. Үнэмлэхүй ялагдал хүлээсэн учраас сайн муу, алдаа оноогоо хэлэлцэх ёстой юм биш үү. Дахиад л хөшигний цаана тохиролцоо хийх нь” хэмээв. Түүнчлэн намын дүрэмд тусгасан, сонгуулийн дараа юу хийх ёстой талаарх заалтуудыг танилцуулж, эрх ашгаа хамгаалахыг гишүүддээ уриаллаа. Уг дүрмийн 5.17.6- д “Сонгуульд ялагдал хүлээлгэсэн, огцрох өргөдлөө өгсөн зэрэг үндэслэлээр ҮБХ-ны хурлаар намын даргыг чөлөөлж, намын их хурлыг зарлана. Энэ тохиолдолд дараагийн дарга сонгогдох хүртэл даргын эрх, үүрэг аль нэг дэд даргад шилжинэ” гэж заажээ. Мөн Ардчилсан нам УИХ-д хамгийн олон суудал аваагүй тохиолдолд намын дарга, дэд дарга, намын ерөнхий нарийн бичгийн даргыг огцорсонд тооцож, ҮБХ нь 30 хоногийн дотор хуралдаж, амжилтгүй оролцсон тойргуудад ҮБХ-ны гишүүний нөхөн сонгуулийг Дотоод сонгуулийн хорооноос явуулах, намын даргын сунгааг шударгаар зохион байгуулах талаар тусгасан байдаг аж.