Манай улс цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг 23 дахь хүнд хийхэд бэлэн болжээ. Монголчууд элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг ямар тохиолдолд хийлгэх ёстойг мэднэ. Тэгвэл ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь цусны болон бусад эрхтний зарим хорт хавдар, ясны чөмөгний үйл ажиллагаа алдагдах, дархлааны хүнд хэлбэрийн дутмагшил, бодисын солилцооны төрөлхийн эмгэгийн үед хийдэг, сүүлийн үеийн технологи юм. Тэдгээр өвчний үед хүний ясны чөмгөнд цусны эмгэг эсүүд төлжсөнөөр олон эрхтнийг гэмтээдэг байна. Тиймээс эрүүл үүдэл эс сэлбэн, шинэ эсүүдийн үүсэл, хөгжлийг сэргээх боломжтой аж. Уг эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийнхөн 2011 онд нэвтрүүлсэн билээ. Өдгөө 22 дахь эмчилгээгээ амжилттай дуусгасныг тус төвийн эмч, доктор Б.Хишигжаргал хэллээ. Үүдэл эс шилжүүлэн суулгуулах 23 дахь хүн цусны хорт хавдартай, 61 настай эрэгтэй гэнэ. Тус төвийнхөн уг нарийн төвөгтэй эмчилгээг энэ онд долоон хүнд хийхээр төлөвлөсний гурав дахь нь энэ. Ташрамд дурдахад, үүдэл эс шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн олонх нь цусны хавдартай байжээ.