Коронавирусийн улмаас нийгэмд, иргэдийн ахуй амьжиргаанд гарах өөрчлөлтийг тодорхойлох зорилгоор төр, олон нийтийн байгууллагын хамтарсан төлөөлөл, дотоодын мэргэжилтнүүдийг багтаасан зөвлөлдөх хороо байгуулсныг өчигдөр мэдээллээ. Уг хороог тахлын үр дагаврыг судлах, нөлөөллийг тодорхойлох, эрсдэлтэй нөхцөл үүсэхэд авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах зорилгоор НҮБ-аас санаачлан, өчигдөр цахим хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар “Ковид-19”-ийн нөхцөл байдлыг эрт хяналтад авч, иргэдийнхээ эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарч, урьдчилан сэргийлж, зөв эмчилж, зохион байгуулалт сайтай ажиллаж байгаа талаар хөндлөө. Цаашид цар тахлын улмаас манай улсад ядуурал нэмэгдэн, иргэд ариун цэврийн нөхцөл, дэд бүтцийн хүртээмж нь харилцан адилгүй, тэгш бус орчинд амьдрах магадлал өснө гэлээ. Бэлчээрийн хомсдол, хөрсний доройтлоос шалтгаалан малын тоо толгойг зохистой хэмжээнд байлгахад санаа тавих, түүхий эд нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд анхаарах зэрэг долоон сорилт тулгарахыг онцлов. Түүнчлэн цар тахлын дараа үеийн засаглалын тогтолцооны өөрчлөлт, шилжилтийн талаарх төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэлээ. Улмаар манай улсыг коронавирусийн тархалтын чухал үед ирснийг тэмдэглэн, нөхцөл байдалтай уялдуулан нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, зөвлөх багийн тусламжтайгаар шинэ нөхцөлтэй уялдсан төлөвлөгөөг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэв. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс үр дүнтэй шинэ систем бий болгох талаар Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.