Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Covid-19 бол урьд өмнө тохиолдож байгаагүй шинэ вирус учир бүрэн судлагдаж дуусаагүй байна.
Гаднын орнуудад хэдий эмчлэгдэж, сөрөг шинжилгээний хариу авсан ч дахин коронавирус илрэх тохиолдол цөөнгүй гарч байгаа.
Манайд халдвар авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч байгаа юм. 287 хүнд коронавирус илэрсэн бөгөөд эдгээрээс 213 хүнийг эмчилснээс 22-23 хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Тиймээс вирус илрэхгүй болтол ажиглан, тандалт хийж байна" гэв.