Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхий дахинаа 14,685,000 хүн өвчилж, 614,000 хүн эндлээ. 8.8 сая хүн эдгэрсэн бол 5.8 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Өнгөрсөн хоногт АНУ-д 63,000, Энэтхэгт 36,000, Бразилд 23,000 халдвар авсан байна.
Өвчлөл гарснаас хойш долоон сарын хугацаанд улс орон, бүс нутаг бүрт коронавирус тархвар зүйн хувьд өөр байгааг ДЭМБ-аас онцлон тэмдэглэлээ. Халдварын тархалт зарим оронд хурдтай буурч байгаа бол зарим оронд аажуу буурч байна. Тухайлбал, Япон, Австрали улсад өвчлөлийн хоёр дахь давалгаа гарсан ч тархалтын хурд эрчим өөр өөр байгаа юм. Тиймээс улс орон бүр халдвараас хамгаалах өөр өөр арга хэмжээг авч ажиллаж байна.
Манай олон аймагтай хил залгадаг ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл өндөр хэвээр байгаа. Сүүлийн 24 цагт 119 дугаарт 118 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаадаас гурван иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авлаа" гэв.