ОХУ-ын тэрбумтнууд, томоохон компанийн удирдлагууд өнгөрсөн дөрөвдүгээр сард коронавирусийн вакцин хийлгэсэн хэмээн “Блүүмберг” мэдээлжээ. Тус улсын шууд хөрөнгө оруулалтын сангийн санхүүжүүлсэн судалгааны вакциныг цэргийнхэнд туршиж буй. ОХУ-ын ЭМЯ-ны Н.Ф.Гамалейн нэрэмжит үндэсний судалгааны төвийн бүтээсэн вакцины туршилтын хоёр дахь үе ирэх сарын 3-нд дуусах бол гурав дахь үеийг зөвхөн тус улсад төдийгүй бусад улс, тухайлбал, Ойрхи Дорнодод явуулах гэнэ.
Туршилтад орсон цэргүүдэд эсрэг бие үүссэн, вакцины найрлага аюулгүй болох нь тогтоогдсон аж. Туршилтын хоёр дахь хэсэгт оролцсон 20 хүний хоёрт нь л вакцин хийсний дараа толгой өвдөх, биеийн халуун бага зэрэг нэмэгдсэнээс өөр өөрчлөлт ажиглагдаагүй байна.
Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс зээлийн төлөлтийг хойшлуулах санаалчилгыг 2021 оны эцэс хүртэл сунгахыг “Их-20”-ийн орнуудад уриалаад, ийм арга дэлхийн эдийн засгийг сэргээхэд чухал хувь нэмэр оруулна гэжээ. Цар тахлын улмаас дэлхийн эдийн засагт хэдэн 10 жил байгаагүй гүн хямрал нүүрлэж буйг тэрбээр тэдгээр орны Сангийн сайд, Төвбанкны тэргүүн нартай цахим уулзалт хийхдээ мэдэгдэв.