Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2016 онд нийлүүлсэн “Phillips” брэндийн MRI аппарат шинээрээ шахам эвдэрч, өнгөрсөн хугацаанд ажиллуулаагүй. Тодруулбал, суурилуулсан цагаас нь хойш таван сар л ашигласан байдаг. Шалтгаан нь MRI аппарат хөргөлтийн шингэн болох гелиэ ууршуулж, алдсантай холбоотой. Тодруулбал, дөрвөн удаа гелиэр цэнэглэсэн ч эвдэрсэн юм билээ. MRI-г үйлдвэрийн баталгаат хугацаанд ажиллуулаагүй учраас аппаратыг нийлүүлэгч “Вамед инженеринг” компанийнхан засвар, үйлчилгээг нь бүрэн хариуцаж, толгойг тэр чигт нь солин, өнгөрсөн хоёрдугаар сар гэхэд ажиллуулна хэмээснийг тухайн үед бид мэдээлсэн. Гэтэл иргэд одоо болтол MRI-д “харуулах” гэж хувийн эмнэлэгт өндөр үнэ төлж, үйлчлүүлсэн хэвээр байгаа аж. Учир шалтгааныг нь УНТЭ-ийнхнээс тодруулахад “Аппаратын сэлбэг, хэрэгслийг оруулж ирэхэд бэлэн болсон. Үйлдвэрлэгч компанийн инженерүүд сэлбэгээ авчирч, суурилуулах ёстой. “Ковид-19”-өөс болж хил хаасантай холбоотойгоор уг ажил удааширч байгаа ч ирэх сарын 7 гэхэд MRI-н толгойн хэсгийг гааль дээр буулгана. Үйлдвэрлэгч талын инженерүүдийг ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу 21 хоног тусгаарлах хэрэгтэй. Энэ асуудлыг бид нааштайгаар зохицуулахаар ярилцаж байна. Эмнэлгийн MRI суурилуулсан амбулаторийн хэсгийг бүхэлд нь тусгаарлаж, гадаадынхнаас өөр хүн нэвтрүүлэхгүйгээр ажлыг нь дуусгаад, буцаах арга ч бий. Ямартай ч ирэх сард аппаратыг ажиллуулахаар төлөвлөсөн” гэсэн юм.