Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр нийт 330 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Тодруулбал, долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан долоон хүний давтан шинжилгээ, Ханги боомтоор орж ирсэн жолооч нар болон Алтанбулан боомтоор орж ирсэн тээврийн жолооч нарын шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн эдгэрч ХӨСҮТ-өөс гараад сувилалд байгаа 24 хүнд хяналтын шинжилгээ хийхэд вирус илрээгүй.
Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 74 хүний 64-ийнх нь биеийн байдал хөнгөн, 10 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн. Нэг жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байгаа" гэв.