Дэлхий дахинд өчигдрийн байдлаар 13.7 сая хүн “Ковид-19”-өөр өвчилж, 587 000 гаруй нь нас барав. Манай улсад 261 хүн халдвар авсан бөгөөд өчигдөр шинэ тохиолдол илрээгүйг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв. Улсын хэмжээний гурван лабораторид энэ сарын 15-нд 184 хүний сорьцыг шинжлэхэд бүх хариу сөрөг буюу халдваргүй гарчээ. МИАТ компанийнхан уржигдар Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдсэн. АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентинаас БНСУ-д очсон 428 иргэн тэдгээр нислэгээр ирсэн юм. Тэдний гурваас нь коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-д тусгаарлажээ. Түүнчлэн бүх зорчигчийг өчигдөр шинжилгээнд хамруулсан, хариу нь өнөөдөр гарна гэдгийг ЭМЯ-наас мэдээлэв.
Коронавирусээр халдварласан хоёр хүн өчигдөр эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Тэдний нэг нь 34, нөгөөх нь 48 хоног эмчлүүлсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд өвчилсөн хүмүүсийн 80 хувь нь эдгэлээ. Халдвар авсан 52 иргэн өдгөө эмчлүүлж буйгаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн хэлбэрээр өвчилжээ.
Бэлтгэсэн: М.Оч