Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр вирус судлалын лабораториудад нийт 681 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.
Тодруулбал, долдугаар сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүн болон ажиглах байранд тусгаарлагдсан 262 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэнгүй.
Мөн өнөөдөр ХӨСҮТ-ээс дахин гурван хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ.
Ингээд манай улсад бүртгэгдсэн коронавирусийн батлагдсан 227 тохиолдлын 200 нь эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа.
Одоогоор ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байгаагийн 24-ийнх биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.