Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн Ковид 19 халдварын судалгаа шинжилгээний талаарх мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дэлхий дахинд Ковид 19 тай холбоотой судалгаа эрчимтэй хийгдсээр байна. ДЭМБ-ийн мэдээлснээр коронавирусний 42142 эрдэм шинжилгээний судалгааны өгүүлэл хэвлэгдсэн. Нийт Дэлхийн хэмжээнд нийт 2490 эмнэлзүйн туршилт судалгаа явагдсанаас 194 нь хийгдэж дууссан байна.
Тухайлбал, Герман болон Австрали Улсын эрдэмтэд улс орнуудын гадаад жуулчдын тоог коронавирусний халдвар авсан иргэдийн тоотой харьцуулан судалжээ. Судалгааны үр дүнд жуулчдын тоо дунджаар нэг хувиар нэмэгдэхэд, коронавирусний халдвар авсан иргэдийн тоо 1,2 хувиар өсч ,нас барсан иргэдийн тоо 1,4 хувиар нэмэгдсэн тооцоолол гарчээ.
Мөн Иран Улсын Техран хотын Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд коронавирусний халдварын эмгэг судлалын чиглэлээр судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд коронавируст халдвар нь зөвхөн уушгийг өвчлүүлээд зогсохгүй бүдүүн , нарийн гэдэс, элэг бөөр, зүрх, цөс ,тархи зэрэг эрхтнүүдэд нөлөөлдөг нь батлагдсан байна” гэв.