Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байсан 120 энхийг сахиулагчийн 50 шахам нь коронавирусийн халдвар авчээ. Тэд өнгөрсөн оны аравдугаар сард тус улсад үүрэг гүйцэтгэхээр очсон байна. Зургаан сарын хугацаанд үүрэг гүйцэтгээд, энэ оны дөрөвдүгээр сард ирэхээр байж. Гэвч “Ковид-19”-ийн улмаас ирэх хугацаа нь хойшилсоор гурван сар тэнд гацжээ. ЗХЖШ-ын албан эх сурвалжууд энхийг сахиулагчид коронавирусийн халдвар авсныг хүлээн зөвшөөрсөн. Тэднийг майханд тусгаарласан бөгөөд эмчилгээ огт хийхгүй байгаа гэх мэдээллийг энхийг сахиулагчдын ар гэрийнхэн нь өгч буй. Үүргээ гүйцэтгээд дууссан энхийг сахиулагчид нутаг буцах хүсэлтээ албан ёсоор УОК-т ирүүлсэн байна. БХЯ-наас ч алба хаагчдыг авчрах санал хүргүүлсэн аж.
Энхийг сахиулагчдыг захиалгат нислэгээр ойрын хугацаанд авчрахаар төлөвлөгөө гарган ажиллаж буйг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өчигдөр хэлсэн. “Улсын нууцад хамаардаг тул энхийг сахиулагчдын биеийн байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй. БХЯ-ныхантай байнга холбогдож, шуурхай арга хэмжээ авах гарц хайж байна” гэж ЭМЯ-наас мэдээлсэн юм.