“COVID-19” цар тахалтай тэмцэх, сэргийлэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны механизмыг энэ оны 4 дүгээр сард байгуулсан ба 2020 оны 7 дугаар сарын 3-н; болсон уг механизмын хоёрдугаар хуралдаанаар хоёр орны хилийн боомтод “Ногоон гарц” байгуулахаар тохиролцсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягтай ярилцаж, хятад улс дахь коронавирусний өнөөгийн нөхцөл байдал, хоёр орны хооронд хэрэгжиж эхлэсэн “Ногоон гарц”-ын талаар мэдээлэл авлаа.
-БНХАУ-д коронавирусний өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Тус улс энэ вирусний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн ямар арга хэмжээ авч байна вэ?
-БНХАУ-д коронавируст халдвар дэгдсэнээс хойш БНХАУ-ын Засгийн газраас халдварт цар тахлын эсрэг шийдвэртэй арга хэмжээ цаг алдалгүй авч, бүх талын хамтын хүчин чармайлт гаргасны дүнд улс даяар цар тахлын халдварыг хяналтдаа аваад байна. Өнөөдрийн байдлаар, тус улсад “COVID-19” халдварын 8 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ба дотооддоо нэмэгдсэн тохиолдол байхгүй байгаа нь өвчнийг хяналтдаа авсныг харуулж байна.
“COVID-19” цар тахал Хятадын эдийн засагт учруулж буй хор хохирлын хэмжээг бууруулах, хүндрэл бэрхшээлийг даван туулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг Хятадын төр, засгийн зүгээс халдвар дэгдсэн эхний цаг мөчөөс хэрэгжүүлж ирсэн. Энэ оны 2 дугаар сараас хойш Хятадын Төрийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд, шийдвэрүүдээс үүнийг харж болно.
Өвчний улмаас үйлчилгээний салбар, жижиг дунд аж ахуй эрхлэгчид хамгийн их алдагдал, хохирол амсаж байна. Ийм д үйлчилгээний салбар болон жижиг, дунд, бичил аж ахуй эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг төрөөс онцгойлон анхаарч, дэмжихэд чиглэсэн шийдвэр гаргасан. Тухайлбал, компанийн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, орон сууцны урьдчилгаа төлбөрийн хугацааг хойшлуулах, компанийн тэтгэвэр, ажилгүйдэл, хөдөлмөрийн ослын даатгалын төлбөр, хураамжийг үе шаттайгаар бууруулах буюу чөлөөлөх зэргийг дурдаж болно.
Түүнчлэн эдийн засгийн гадаад харилцааг хэвийн үргэлжлүүлэх, худалдааны хэмжээг бууруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч, бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлт, үзлэг хяналтыг хялбаршуулах, хүнсний бүтээгдэхүүний импортын зөвшөөрөл, хяналтыг шуурхай болгох, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч байна.
Хятадын Засгийн газраас үйлдвэрлэлийг сэргээх арга хэмжээг үе шаттай амжилттай авч хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн сэргэлт одоогоор 90 орчим хувьтай байгаа мэдээ байна.
-Хилийн хориг болон цар тахлын нөхцөл байдал хоёр улсын харилцаа, тэр дундаа эдийн засгийн харилцаанд хэрхэн нөлөөлж байна вэ. Хоёр орны худалдаа, ачаа тээврийн хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Хятадад цар тахлын нөхцөл байдал хүнд байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцсан. Мөн хоёр улсын Гадаад харилцааны сайд нар утсаар ярьж цар тахлын үед хоёр талын харилцаа, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх талаар санал солилцсон.
“COVID-19” цар тахлын нөхцөл байдал Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Хятад улс манай гадаад худалдааны хамгийн том түнш. Өнгөрсөн онд хоёр талын худалдаа 8,8 тэрбум ам.долларт хүрсэн бол он гарсаар эхний 5 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар буураад байна. Энэ нь халдварын тархалт Хятадад оргил үедээ хүрч байх үед манай талаас хилийн зарим боомтын үйл ажиллагаагааг түр хааж, хоёр талын худалдааны гол нэр төрөл болох нүүрсний тээвэр зогссонтой холбоотой юм. Харин өвчний байдал хяналтад ормогц хил, боомтын үйл ажиллагааг ээлж дараалан сэргээснээр өнөөдрийн байдлаар хоёр талын хооронд ачаа, барааны тээвэрлэлт, худалдааны үйл ажиллагаа улам сэргэсээр байна.
Талууд өөр, өөрсдөө дотооддоо иргэдийн шилжилт хөдөлгөөн, ачаа бараа тээвэрлэх үйл ажиллагаандаа нарийн хяналт тавьж ирсэн боловч хоёр талын хоорондын бараа эргэлтийг аль болох хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч ирсэн. Энд жишээ болгон нэг зүйлийг тодруулж хэлбэл, цар тахлын ид дэгдэлтийн үе, өвлийн хүйтний улиралд Улаанбаатар хотын утааг багасгахад гол үүрэг гүйцэтгэсэн шахмал түлшний орцод ордог барьцалдуулагч бодисны хангамж тасалдах аюул нүүрлэхэд хятадын талаас дотоодын тээврийн сүлжээнд тавьсан хориг хязгаарлалтыг үл харгалзан тухайн барааг Эрээн боомт хүргэх тээврийг саадгүй явуулж байсан.
Манай экспортын гол нэрийн бараа болох нүүрсний экспортыг нэн тэргүүнд сэргээхийн тулд Ганцмод-Гашуунсухайт, Сэхэ-Шивээхүрэнгийн боомтын үйл ажиллагааг ээлж дараатай хэвийн болгож, нүүрс тээвэрлэгч жолооч нарын эрүүл мэндийн хяналтыг хэрэгжүүлэх тусгайлсан журам боловсруулж мөрдүүлсэн нь ашиг тусаа өгсөн.
Хоёр талын хоорондын хүнсний аюулгүй байдлын асуудлаарх Дэд сайдын түвшний ажлын хэсгийн ээлжит 5 дугаар хуралдааныг видео хэлбэрээр ойрын үед зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж байна. Энэ удаагийн хурлаар ХАА-н зарим бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн нөхцлийг тохирох, ингэснээрээ Монгол Улсаас БНХАУ-д экспортлох бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэх, шинээр зарим аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүнээ экспортлох эрх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байна. ХАА-н бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх чиглэлээр бид идэвхтэй ажиллаж байна. Энэ хүрээнд хятадын талын гааль, хорио цээрийн хяналтын байгууллагуудтай ярилцаж, мах, махан бүтээгдэхүүнийг хил, гаалиар нэвтрүүлэх, хяналт, шалгалтыг явуулах журмын талаар ярилцаж тохиролцсон.
Төмөр замаар тээвэрлэж байгаа ачаа барааны хувьд тусгайлсан хориг, хязгаарлалт тавигдаагүй. Хятадын ГЕГ-ын мэдээлснээр эхний хагас жилийн байдлаар Эрээн-Замын-Үүдийн төмөр замын боомтоор 8,1 сая тонн ачаа тээвэрлэгдсэн нь өмнөх оны мөн үеээс 17,7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Хоёр талын иргэдийн солилцоог түр хязгаарлаад байгаа нь буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төслүүдийн явцад мөн нөлөөлж байна. Хятадын талын аж ахуйн нэгжийн инженер техникийн ажилчид Монгол Улсад зорчих боломжгүй байснаас үүдэн зарим төслийн ажлууд зогсонги байдалд ороод байна.
-Одоогоор БНХАУ-д хидэн энгийн иргэн нутаг буцах боломжгүй болж саатаад байна вэ. Эдгээр иргэний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Тулгамдаж буй ямар бэрхшээл байна?
-БНХАУ-д “COVID-19” гарсанаас хойш манай улсын нийт 4079 иргэн нутаг буцсан. Өвчний голомт Хубэй мужийн Үхань хотод суралцаж байсан 31 иргэн /30 оюутан, 1 бага насны хүүхэд/-ийг 2 дугаар сарын 1-нд шилжүүлэх ажлыг тус ЭСЯ холбогдох байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан нь манай улсын хувьд өвчний голомтод байгаа иргэдээ шилжүүлэн авсан анхны тохиолдол байсан.
“COVID-19”-ийн үеэр суугаа оронд удаан хугацаанд хүнд өвчтэй эмчлүүлж байсан иргэдийг хилээр гаргах зэрэг асуудлуудыг хятадын холбогдох байгууллагуудтай хамтран тухай бүр шийдвэрлэж ажилласнаас гадна суугаа оронд гэмт хэрэгт холбогдож ял эдэлсэн нийт 29 иргэнийг нутаг буцаагаад байна. Сүүлийн саруудад нутаг буцах хүсэлтээ гаргасан 300 гаруй иргэнийг хилээр гаргах асуудлаар хятадын талтай ажиллаж, улмаар 129 иргэнийг энэ сарын 3-нд БНХАУ-ын хилээр гаргалаа. Үлдсэн 160 гаруй иргэнийг 7 дугаар сарын 9-нд хилээр гаргахаар хятадын талтай тохиролцож холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байна.
“COVID-19”-ийн тархалт намжаагүй байгаа тул Хятадын орон нутгийн холбогдох байгууллагын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй бодлогоос хамаарч иргэдийг хилээр гаргах зөвшөөрөл удаашрах хандлагатай байна. Гэхдээ бид асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх талаар суугаа орны холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.
-Цар тахлын үед БНХАУ гадаад улс орнуудтай хийх зорчигч, ачаа тээврийн чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-“COVID-19” халдварын хязгаарлагдмал нөхцөл байдалд БНХАУ-аас олон улсын зорчигч, ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг дээшлүүлэх чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал, зорчигч тээврийн онгоцоор ачаа тээвэрлэх ажиллагааг дэмжиж, олон улсын ачааны хөлөг онгоцны тээврийн шинэ замнал нээх, зогсоол боомтуудын тоог цөөрүүлж, тээвэрлэх хугацааг богиносгох, Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний цувааг нэмж, тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмж байна. 2020 оны эхний хагас жилд Эрээн-Замын-Үүд боомтоор 959, Хятад улсын хуурай замын хамгийн том Манжуур-Забайкальск боомтоор 5937 ачааны цуваа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 28.8 хувь, 4.7 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд хятадын талаас цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээтэй салшгүй холбоотой.
Хятадын болон гадаадын авиа компаниудын 7 хоногт үйлдэх нислэгийн тоог 1 хүртэл бууруулж, гадаадаас ирсэн нислэгийн зорчигчдоос хилээр нэвтэрсний дараа авсан нуклейн хүчлийн шинжилгээний дүнтэй уялдуулсан уг авиа компанид урамшууллын болон таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн гадаадаас зөөвөрлөгдөх халдвараас нийслэл Бээжин хотыг хамгаалж, 6 дугаар сарын 8-нд тус хотыг чиглэсэн олон улсын нислэгийг Ланьжөу, Тяньжинь, Хөххот, Жинань, Чиндао, Наньжин, Шэньян, Далянь, Үхань гэх 16 газарт эхлэн түр зогсолт хийлгэж, хилийн эрүүл ахуй, хорио цээрийн дэглэмд эрүүл мэндийн тандалт хийж, шаардлага хангасан зорчигчдыг Бээжин хот руу зорчуулж байна.
Түүнчлэн халдвараас сэргийлэх, хяналт тавих, аж үйлдвэрлэлийг хэвийн ажиллуулах, томоохон төсөл хөтөлбөрийн бүтээн байгуулалтыг дэмжих, бүс нутгийн нийлүүлэлт, аж үйлдвэрийн сүлжээг тогтворжуулах зорилгоор хэд хэдэн улстай агаарын замын боомтод “Шуурхай гарц” ажиллуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлж байна. Тухайлбал, 4 дүгээр сараас эхлэн БНСУ, Сингапур, Мьянмар, Камбож улсуудтай “Шуурхай гарц” байгуулж, шаардлагатай албаны хүмүүсийг хөнгөвчилсэн журмаар хил нэвтрүүлж байгаа.
-Хоёр орны холбогдох байгууллагуудын хооронд “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх талаар тохиролцсон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-“COVID-19” цар тахалтай тэмцэх, сэргийлэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны механизмыг энэ оны 4 дүгээр сард байгуулсан ба энэ сарын 3-нд болсон уг механизмын хоёрдугаар хуралдаанаар хоёр орны хилийн боомтод “Ногоон гарц” байгуулахаар тохиролцсон. Энэ чиглэлээр манай ЭСЯ хятадын талын холбогдох байгууллагатай идэвх, санаачилгатай хамтран ажилласан. Улмаар уг “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх журам ийнхүү хэрэгжиж эхлээд байгаа ба олон улсын ачаа тээврийн жолооч нар, худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон бүтээн байгуулалтын төслүүдийн үйл ажиллагаанд оролцох инженер, техникийн ажилтнуудыг хил нэвтрүүлэх боломж нээгдсэн.
Журамд хамаарах манай улсын иргэд Монгол Улсын ГХЯ-нд хүсэлт гаргах ба тус байгууллага нь хятадын талын холбогдох байгууллагад хүсэлт хүргүүлж шийдвэрлэнэ. Харин хятад иргэдийн хувьд тухайн ажилтныг илгээх хятадын байгууллага нь нэвтрэх боомт бүхий орон нутгийн Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх төвд ажилтнуудын нэрсийг хүргүүлж, ДТГ-аараа уламжлан монголын талын УОК-т хүсэлт хүргүүлэхээр журамласан.
Монгол Улсын Засгийн газраас анхаарч буй томоохон төслүүд, тухайлбал, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон бусад олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Ногоон гарц” чухал ач холбогдолтой юм. Эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлснээр цар тахлын үед Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит түлхэц үзүүлнэ.
Зөвшөөрөл авсан иргэд хил нэвтрэхээс 72 цагийн дотор талуудын харилцан зөвшөөрсөн мэргэжлийн байгууллагад "COVID-193 халдварын нуклейн хүчлийн түргэвчилсэн шинжилгээ хийлгэж, халдваргүй гэдгээ нотолсон тодорхойлолт авах бөгөөд энэ нь 7 хоногийн хугацаанд хүчинтэй. Эдгээр иргэдийг холбогдох байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттайгаар хилээр нэвтрүүлж, тухайн улсын халдварт өвчинтэй тэмцэх хууль журмын дагуу тусгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Олон улсын ачаа тээвэрлэлтэд оролцож буй жолооч нарын нэрсийг орон нутгийн засаг захиргааны байгууллагууд харилцан солилцож, хилээр нэвтрүүлнэ. Тээврийн жолооч нөгөө улсын орон нутгийн хяналт тогтоосон бүсэд, зөвхөн заасан маршрутаар зорчих тул нуклейн хүчлийн шинжилгээ байнга хийлгэх шаардлагагүй. Харин орон нутгийн захиргаа тэдгээрээс тогтсон хугацаанд шинжилгээ авч, хүчинтэй хугацааг тодорхой заах юм. Тээврийн жолооч нар бусадтай аль болох бага харьцаж, ачаа бараагаа буулгасны дараа хилээр шуурхай нэвтрэх нь зүйтэй.
Энэхүү журам нь Монгол, Хятадын хилийн автозамын заасан боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнд үйлчлэх юм.
-“Ногоон гарц” ямар ач холбогдолтой вэ. Ачаа тээврийн урсгал, нүүрсний экспортод хэрхэн нөлөөлөх вэ?
-Цар тахлын аюул арилаагүй хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд Монгол, Хятадын автозамын боомтуудад энэхүү гарцыг ажиллуулж эхэлсэн нь эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн солилцоо, ачаа тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Ялангуяа хилийн хөдөлгөөнд хязгаарлалт тавиад байгаа энэ үед ямар байгууллагад хандах, ямар процедуртай байх, аль аль боомтоор зорчих зэрэг олон асуудлыг тодорхой болгосон нь чухал юм.
Энэхүү “Ногоон гарц” нь Хятадын улсаас хил залгаа улс оронтой хуурай замын боомт дээр анх удаагаа хэрэгжүүлж буй тусгай журам тул хилийн хориг, хязгаарлалт бүхий улс орон, бүс нутагт дэлгэрүүлэх тэргүүн туршлага хэмээн харж байна.
Энэхүү журмыг хоёр талын хил хяналтын байгууллага болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд нэгдсэн ойлголттой хэрэгжүүлж, хилийн боомтоор шуурхай шалган нэвтрүүлэх, холбогдох асуудлыг зохицуулах талаар идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй. Чингэснээр хилийн боомтуудад үүсээд буй зарим асуудлыг шийдвэрлэж, манай улсын экспортын хэмжээ ялангуяа нүүрсний экспортыг нэмэхэд ач холбогдолтой. Цар тахлын улмаас нүүрс тээвэрлэлтийг түр хугацаанд зогсоож, 3 дугаар сараас Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Булган-Такашикэн боомтоор үе шаттай эхлүүлсэн бөгөөд одоо тээвэрлэлт харьцангуй өссөн дүнтэй байна.
Хятад улсаас хүнсний бүтээгдэхүүнийг Замын-Үүд–Эрээн, Гашуунсухайт–Ганцмод, Шивээхүрэн–Сэхээ боомтоор, өргөн хэрэглээний бараа, барилгын материалыг Замын-Үүд–Эрээн, Гашуунсухайт–Ганцмод, Шивээхүрэн–Сэхээ, Баянхошуу–Өвдөг, Бичигт–Зүүнхатавч, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн боомтоор авах ажиллагааг хялбаршуулж, хил дамнасан цахим худалдааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж байна.
Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэх асуудлаар ЭСЯ-наас санаачлан олон ажил хийж байна. Тухайлбал, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх,хилийн боомтоор нэвтэрч буй авто машины тоог аажмаар нэмэх талаар хятадын талтай яриа хэлэлцээ хийж, шийдвэрлүүлж байна.
Цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хийхээр төлөвлөж, хятадын талтай ярилцаж байгаа олон асуудал байгаа бөгөөд тус ЭСЯ-ны зүгээс Хятадын холбогдох байгууллагуудтай үргэжлүүлэн байнгын холбоотой ажиллах болно.