Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа бусад орнуудын халдварын тархалтын талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр “Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд Ковид19 халдварын 172 мянга гаруй шинэ тохиолдол батлагдаж, 3000 гаруй хүн нас баржээ. Бүртгэгдсэн халдварын тоогоор Дэлхийн хэмжээнд АНУ, Бразил, Энэтхэг зэрэг улсууд тэргүүлж байна.
АНУ- Өчигдөр 46300 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж,322 гаруй нас баралт нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 2,932000 гаруй болсноос 132100 гаруй хүн нас баржээ.
Бразил Улсад долдугаар сарын 07-ны өдөр 45300 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1254 нас баралт нэмэгдэж өссөн дүнгээр нийт нас баралт 66700 гаруй боллоо.
БНЭУ- Мягмар гарагт 22000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 467 нас баралт нэмэгдэж Нийт халдварын тоо 719 мянга гаруйд хүрч, 20000 хүн нас барсан байна.
Казастан Улсад өчигдөр 1100 шинэ тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас баржээ. Нийт халдварын тоо 49600 гаруйд хүрчээ.
Япон Улсад долдугаар сарын 07-ны өдөр 210 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тус улсад бүртгэгдсэн халдвар 20 мянга болсноос 85 хувь нь эдгэрч, 981 хүн нас баржээ.
Австрали Улсад Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 199 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
БНСУ-д өчигдөр 63 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 30 хувь нь дотоодын халдвар бол 33 тохиолдол нь гаднаас зөөвөрлөгджээ.
Хятад Улсад дотроосоо шинэ халдвар бүртгэгдээгүй. Харин гаднаас долоон шинэ тохиолдол зөөвөрлөгдсөн талаар тус улсын эрүүл мэндийн өвчний хорооноос мэдээллээ” гэв.
Мөн Олон улсын 200 гаруй эрдэмтэн судлаачид шинэ кронавирус агаараар дамжин тархаж байгаа талаар ДЭМБ-д хандан нээлттэй захидал илгээжээ. Тус эрдэмтэд захидалдаа шинэ коронавирусийг агаарт хоёр метрийн зайд байж тархах боломжтойг мэдээлсэн. Энэ нь агаар дуслын замаар илүү их халдвар тархах эрсдэлтэй.
Харин өчигдөр ДЭМБ-ийн хэвлэлийн хурлын үеэр тус байгууллагын төлөөлөгчид хэлэхдээ “Шинэ коронавирусний тархалт агаараар дамжиж байгааг шинээр нотлох баримт гарч байгааг бид хүлээн зөвшөөрч байна. Цаашид энэхүү шинэ нотолгоонд нээлттэй хандаж түүний үр дагаврыг илүү сайн судлах шаардлагатай" хэмээжээ.
Мөн Япон Улсын Токиогийн их сургуулийн судлаачид Ковид 19 халдвар авсан өвчтөнгүүдэд нойр булчирхайн цочмог үрэвслийн эмчилгээнд хэрэглэдэг эм үр дүнтэй байгаа талаар мэдээллээ.