Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн эмнэлзүй, давхар зүйн шинж тэмдгийн талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр “Нийт нэг сараас хойш 12200 хүнд тандалт судалгаа, шинжилгээ хийлээ. Эдгээрээс 227 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 195 хүн эдгэсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 33 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Хүйсийн хувьд 64,3 хувь нь эрэгтэй, 35,7 хувь нь эмэгтэй байна. Насны хувьд нийт зургаагаас 80 нас хүртэлх хүмүүс бүртгэгдсэн.
Нийт батлагдсан тохиолдлын эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд хөнгөн болон хүндэвтэр хэлбэртэйгээр эмчлэгдэж байгаа. Илэрч буй гол шинж тэмдэг нь хоолой өвдөх 49 хувьтай, ханиалгах 34 хувь, суулгах шинж тэмдэг 13 хувь, жихүүдэс хүрэх, амьсгал давчдах шинж тэмдэг 12 хувьд нь илэрч байна. Мөн давхар өвчтэй, архаг хуучтай 48 хүн эмчлэгдэж гарсан” гэв.