Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүдийн мэс заслын багийнхан умайг үтрээтэй нь залгах мэс заслыг Монголд анх удаа амжилттай хийжээ. Энэ талаар хагалгааны багийн ахлагч Э.Амарсанаагаас тодрууллаа.
-Эмэгтэйчүүдэд тохиолддог хавдрын тавдугаарт умайн хүзүүнийх ордог. Жилд ойролцоогоор 300 гаруй эмэгтэй энэ төрлийн хавдраар өвчилж байна. Хорт хавдрын 70 орчим хувь нь хожуу үедээ оношлогддог. Гэхдээ урьдчилан сэргийлэх үзлэг сайжирсантай холбоотойгоор эрт үед оношлуулах нь нэмэгдэж байна. Умайн хүзүүний хавдрын эрт үе буюу I, II шатанд мэс заслын эмчилгээ хийдэг. Өчигдөр (уржигдар) манай эмч нар Монголд анх удаа эмэгтэйчүүдийн хавдрын эмчилгээний шинэ арга нэвтрүүллээ. Төрөх насны залуу эмэгтэйд эрхтэн хадгалах (хүүхэд тээх умайг нь үлдээсэн) мэс засал хийсэн. Хорт хавдартай умайн хүзүүг тайраад, умай, үтрээ хоёрыг нь залгасан гэсэн үг. Ингэснээр жирэмслэх, хүүхэд төрүүлэх боломжтой болсон. Хавдрын хэмжээ, үе шат, бусад шинжилгээний дүн, өвчтөний нас зэрэг олон зүйлийг харгалзаж эл хагалгааг хийсэн. Гэхдээ умайн хүзүүний хорт хавдартай, хүүхэд төрүүлэх насны бүх эмэгтэйд ийм хагалгаа хийх боломжтой гэсэн үг биш. Умайг авахаас өөр аргагүй тохиолдол цөөнгүй.
-Уг хагалгааг өмнө нь хийх боломжгүй байсан юм уу?
-Умай руу орж буй судас, шөрмөс, мэдрэлийн бүх бүтцийг тэр хэвээр нь хадгалан, зөвхөн хавдартай хэсгийг авч, буцаагаад залгана гэдэг нь хүнд мэс засал. Хагалгааны дараа ч эрсдэл өндөртэй учраас өдий хүртэл хийгээгүй. Сүүлийн гурван жил эл технологийг судалж, суралцсаны үндсэнд нэвтрүүллээ. Хамгийн гол нь хагалгааны дараах үр дүн чухал.
-Өвчтөний биеийн байдал хэр байна?
-Сайн байгаа.
- Мэс засалд хэчнээн эмч оролцсон бэ?
-Энэ хагалгааг сарын өмнөөс төлөвлөсөн. Унтуулагч нэг эмч, сувилагчтайгаа нийлээд 8-9 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан маань дөрвөн цаг гаруй үргэлжилсэн мэс засал хийлээ. Ийм хагалгааг цаашид хийх эхлэлийг тавив. Умайн хүзүүний хавдар нь бэлгийн замаар дамждаг вирусийн улмаас үүсдэг. Жирэмсэлсэн тоо, архи, тамхи, дааврын бэлдмэлийн хэрэглээ зэрэг хүчин зүйл ч үүнд нөлөөлнө. 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг гурван жилийн давтамжтайгаар умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээнд хамруулж байгаа. Шинжилгээгээ хугацаанд нь өгч, оношлуулбал уг хавдраас сэргийлэх боломжтой.