Монгол Улс 33 жилийн дараа 880 өрөөтэй 2 дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад орууллаа. 2010 оноос барьж эхэлсэн ч хөрөнгө мөнгийг нь шийдэлгүй, царцааж барилгын ажил зогссон байсан.
2018 онд Засгийн газраас шийдвэр гаргаж энэхүү төвийг ашиглалтад орууллаа. Өвлийн ханиад томууны үеэр нэмэлт 1000-1500 ор шаардлагатай болж хүүхдүүд эмнэлэгийн коридорт шалан дээр хэвтдэг байсан хүнд нөхцөлд цэг тавьж байна.
Тус эмнэлэгийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ "Энэ эмнэлэг ашиглалтад орохыг 10 жил хүлээсэн. Сэтгэл байсан бол хийж болох байсан гэдгийг маш богино хугацаанд хамтран ажиллаж зүтгэсэн үр дүн харуулж байна. Юуны түрүүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд эрүүл мэндийн салбарынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Олон жилийн хугацаанд хэн ч юу ч хийгээгүй энэ асуудлыг хоёр жил хүрэхгүй хугацаанд олон тэрбум төгрөгийг шуурхай шийдвэрлэж өгсөн. Тус эмнэлгийн барилгыг хариуцсан компани шуурхай, сайн ажиллаж Монгол Улс хоёр дахь Эх хүүхдийн үндэсний төвтэй боллоо.
Нийслэл хотын үндсэн ачааллыг өнөөдөр нээгдэж буй төв авч Эх нялхсын эрүүл мэндийн төв үндэсний хэмжээнд үйлчлэх боломж бүрдэж байна. Тус эмнэлэг авто машины зогсоол, агааржуулалт, хүчилтөрөгчийн үйлдвэр, мэс заслын блоктой. Байхгүй зүйл байхгүй эмнэлэг гэж хэлж болно. Зөвхөн төрөх эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэхээс гадна, нөхөн үржихүйн эрүүл мэнд, нялхсын эрт илрүүлэг, эмэгтэйчүүдийн цэвэршилт зэрэг олон жил анхаарал хандуулаагүй зүйлийг бүхэлд нь хийх боломж бүрдсэн үндэсний хэмжээний цогцолбор юм.
Энэ бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн гол цөм юм. Тухайн улсын хөгжлийг эх хүүхдийн эрүүл мэндийн байдлаар нь хэмждэг. Тэгвэл бид улс орныхоо хөгжлийг харуулсан энэ сайхан цогцолборыг хүлээж авч байгаа явдалд баяртай байна. Үнэхээр хүсвэл хийж чаддаг гэдгийг харууллаа" хэмээв.
Тус барилга нь 34.200 м2 талбайтай. 880 өрөө, 700 гаруй эмч ажилтан, 300 ортой ажиллах хүчин чадалтай эмнэлэг юм. Шаардлагатай тохиолдолд 1000-1500 ор дэлгэх бүрэн боломжтой. Мөн төрөх эмэгтэйчүүдэд төрөлжсөн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой. Жилд 10 мянга гаруй эх төрж, нийтдээ 20 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой.