Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл өнөөдөр ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байх үед ирснийг тус яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэв.
Тэрбээр "Яг энэ цаг мөчид Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлэл ирлээ. 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарвагыг хэрэглээд, халуурах шинж тэмдэг илэрч эмнэлэгт тусгаарлагдсан байна. Үүний дагуу аймгийн төвөөс мэргэжлийн баг голомт руу гарсан гэсэн мэдээлэл өглөө.
Нохой тарвага зууж ирнэ гэдэг бол өвчтэй хөдөлгөөн нь удааширсан тарвага гэсэн үг. Мөн цохиж алах боломжтой байна гэдэг бол хөдөлгөөн нь удааширсныг илтгэнэ" гэв.
Тарваган тахал хүндрэл гардаг, эндэгдэл ихтэй өвчин тул иргэд тарваганы мах идэхгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.