МАН-ын бага хурлын VII хуралдаан өчигдөр болж, Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг дэвшүүлэхээр 100 хувь санал нэгдлээ. Улмаар Ерөнхийлөгчид нэрийг нь хүргүүлэв.
Бага хурлын хуралдаанд 189 гишүүн хүрэлцэн ирж, 97 нь цахимаар оролцож, 87.5 хувийн ирц бүрдсэн байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх “Манай намын 76 нэр дэвшигчээс 62-ыг нь сонгож, итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярлалаа. Бид иргэдийнхээ итгэл, найдварыг хүлээж, эхлүүлсэн ажлаа дуусган, хөгжил дэвшлийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлах ёстой” хэмээн хуралдааныг эхлүүлсэн.
Д.АМАРБАЯСГАЛАН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БОЛОХГҮЙ
Хуралдаан үндсэндээ хаалттай болсон бөгөөд гаргасан шийдвэрийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээллийн эхэнд “Монголын ард түмэн 2020 оны парламентын сонгуулиар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багийг сонгосон. Энэ хүндтэй сонголтыг сая хуралдан баталгаажууллаа. Ард түмэнд талархаж байгаагаа дахин илэрхийлье. МАН-ын хувьд ялалт гэхээсээ өндөр хариуцлага ирж байна. Өнөөдрөөс эхлэн бид ажлаа шуурхайлж, шударга ёс тогтоох, төрийн албаны хүнд суртлыг арилгах, нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах гэх мэт олон зорилтдоо хүрэх ёстой. Ирэх дөрвөн жилд манай улсын эдийн засгийн нөхцөл хамгийн хүнд байна. Энэ хугацаанд 2.9 тэрбум ам.долларын өр тэглэх том үүрэг бий. Мөн дэлхий нийтээр тэмцэж буй цар тахлыг даван туулах, орлого нь хумигдаж байгаа ард иргэдээ ажилтай байлгах гэхчлэн олон сорилт бий” гэв.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар сая ярьсан уу?
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын дөрөв хүртэлх гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллах боломжтой. Үүний хүрээнд Засгийн газраа байгуулна. Сүүлийн дөрвөн жилд засгийн эрх барьж ажилласан учраас ирэх дөрвөн жилд төрийн албыг илүү тогтвортой байлгах чиглэлд анхаарна.
-“Давхар дээл”-тэй байх сайд нар тодорхой болсон уу?
-Одоохондоо хэлэлцэж эхлээгүй байна. Өнөөдөртөө (өчигдөр) Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Төрийн тэргүүнтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлж, томилно. Үүний дараа Ерөнхий сайд Засгийн газартаа тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлт хийнэ. Тэр нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдаж байгаа юм. Тухайлбал, МАН мөрийн хөтөлбөртөө Соёлын яам байгуулахаар тусгасан. Тиймээс Соёлын яам байгуулна гэсэн үг.
-Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яамыг тусад нь байгуулах юм уу?
-Тусдаа байх уу, эсвэл зарим сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалуулах уу гэдгээ ярьж байна. Хоёр талтай асуудал л даа. Нэг талаас ийм яамыг тусад нь байгуулах ёстой гэж эдийн засагчид үздэг. Нөгөө талаас Сангийн яамнаас салангид ийм яам байх нь зүйтэй, эсэх талаар эргэлзээ байдаг. Удирдах зөвлөлийн түвшинд олон талаас нь ярьж байгаа.
-ЖДҮХС-гаас зээл авсан гэгдэж, улмаар нэр дэвшээгүй зарим хүнийг сайдаар томилох нь гэх яриа гарсан. Энэ хэр бодитой вэ?
-Өмнөх парламентын зарим гишүүнийг энэ хэрэгт холбогдсон гэж үздэг. Зарим нь ч ёс зүйн алдаа, дутагдал гаргаснаа олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн. Олон нийт ч шүүмжилж байсан учраас тэднийг нэр дэвшүүлээгүй. Мөн энэ асуудалд холбогдсон гишүүдийн зарим нь нэр дэвшихээс өөрсдөө татгалзсан. Үүнээс гадна тэдний гэм буруутайг хуулийн байгууллага эцэслэн тогтоогоогүйг анхаарах хэрэгтэй болов уу. Ёс зүйн хариуцлага хүлээж, сонгуульд нэр дэвшээгүй хүмүүсийг бид насан туршид нь шийтгэнэ гэж үгүй. Улс төрийн хариуцлага хүлээлгэж байгаа. Тиймээс тодорхой түвшинд намаас томилолт авч, ажиллахыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар хэн нэгнийг сайд болгоно гэж албан ёсоор яриагүй байна. Тиймээс одоо хэлэхэд эртэднэ.
-Шинээр яам байгуулснаар Засгийн газрын бүтэц данхайж, төсвийн зардал нэмэгдэнэ гэж шүүмжилж байгаа.
-Төсөвт тодорхой зохицуулалт хийж таарна.
-Таныг нийслэлийн Засаг даргаар сонгоно гэдэг нь үнэн үү?
-МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлага бий. Улс төрийн нам ард түмнийхээ дунд өндөр нэр хүндтэй, зарчимтай, шударга ажилладаг болгохын төлөө эхлүүлсэн ажлаа дуусгана. Тиймээс би намын ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлэн ажиллана.
“ОДООГИЙН САЙД НАРААС 1-2 НЬ Л УЛИРНА”
Уржигдар УИХ дахь МАН-ын бүлгийнхэн анхны хуралдаанаа хийх үеэр тус намын дарга У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Одоогийн сайд нараас 1-2 нь л улирна шүү. Бусад нь УИХ-ын гишүүний ажлаа сайн хий” хэмээн онцолсон юм билээ. Одоо Ерөнхий сайдаас гадна 15 сайд үүрэг гүйцэтгэж буй. Харин шинэ Засгийн газрын бүтцэд хоёр яам шинээр байгуулж, Шадар сайдын тоог 1-2-оор нэмж магадгүй сурагтай. Өөрөөр хэлбэл, сайд нарын тоо нэмэгдэнэ гэсэн үг. Нэг талаар УИХ-ын гишүүн сайдаар ажиллах хуулийн хязгаарлалт бий болсон, нөгөө талаар их ялалтын дараах “бялуу”-наас хүртэхийг хүсэж байгаа, олонх болоход их, бага хэмжээгээр хувь нэмрээ оруулсан журмын нөхдөө гомдоохгүйг хүсэх нь лав.
Юутай ч Гадаад харилцааны сайдыг парламентын гаднаас томилох болов уу гэсэн таамаглал төрүүлэхүйц зүйлийг одоогийн сайд Д.Цогтбаатар өчигдөр хэлсэн. Харин Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар улирч ажиллах магадлал нэлээд өндөр байгаа аж. Тэгвэл сонгуулиар өвдөг шороодсон Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар үргэлжлүүлэн ажиллана гэдэг юу л бол. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн ажлын үнэлгээ муугүй байгаа ч түүнийг “дан дээл”-тэй үлдээх бололтой. Түүний оронд шинэхэн гишүүн, эмч Ж.Чинбүрэнг томилох болов уу гэх сураг ажиг ч байна. Тэрбээр кампанит ажлын үеэр эрүүл мэндийн салбарыг тогтолцоогоор нь “эмчилнэ” гэдгээ хэлж явсан нэгэн.