Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн 216 оронд бүртгэгдээд байгаа коронавирусаар сүүлийн 24 цагт өвчлөл өмнөх өдрийнхөөс шинэ тохиолдлын тоо 9000, эндэгдэл 1000 гаруй хүнээр нэмэгджээ. ОХУ-д өчигдөр 6693 шинэ тохиолдол бүртгэгдэж, 154 хүн энджээ. Буриад, Тува, Читад 38-125 тохиолдол нэмэгджээ. Тувад өвчтэй хүний тоо 4485, Буриадад 2924, Читад 3100 болжээ.
Манай орны хувьд өчигдөр 16 хүн ажиглалтад орж, 31 хүн ажиглалтаас гаран, одоогоор 2,468 хүн тусгаарлах байранд байна. Гуравдугаар сарын 24-нөөс хойш 5,447 хүн тусгаарлагдсанаас 623 хүн нь одоо гэрийн хяналтад байгаа.
Сүүлийн 24 цагт 119 дугаарт 161 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр Австри улсаас манай улсын нэг иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан байна" гэв.