Эмчлэгддэг өвчнөөр монголчууд хугацаанаасаа эрт “явсаар”. Энэ бол хавдар. Саяхныг хүртэл дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь уг өвчин байсан бол эдүгээ гуравт бичигдэх болж. Улс орнууд хавдартай тэмцэж, эрт илрүүлж, эмчилсээр байгаагийн үр дүнд ийнхүү буурчээ. Харин бид хавдартай “эвлэрч”, тоохоо болив. Нийт тохиолдлын 75-80 хувь нь өвчнийхөө III, IV шатанд буюу хожимдсон хойноо оношлогдож байна. Тухайн жилд энэ шалтгаанаар эндсэн хүмүүсийн 65 хувь нь хавдартайгаа мэдсэнээс хойш нэг жил амьдарсныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаанаас харж болно.
Эдүгээ монголчуудын дунд 100 гаруй төрлийн хавдар оношлогджээ. Эдгээрээс зөвхөн эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хавдрын талаарх мэдээллийг энэ удаа хүргэе. Улсын хэмжээнд бүртгэгдэж буй хавдрын нийт тохиолдлын 49-50 хувь нь эмэгтэйчүүдэд оношлогддог. Түүний дотор хамгийн элбэг буюу нэгдүгээрт элэг, удаах нь умайн хүзүү, цаашлаад ходоод, хөх, улаан хоолой, өндгөвч гэхчлэн жагсана. Зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог хавдраас умайн хүзүү, хөх, өндгөвчийнх эхний гурван байрыг эзлэх аж. Эдгээрийг анагаахын шинжлэх ухаанд эмэгтэйчүүдийн байрлалын хавдар хэмээдэг аж.
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч Г.Ням-Од “Эмэгтэйчүүдийн эрхтний байрлалын хавдрыг ярихаас өмнө ерөнхий мэдээлэл хүргэх нь зүйтэй. Эм бэлэг эрхтнийг гаднах болон доторх гэж ангилдаг. Гаднахыг нь уншигчид хэлүүлэлтгүй мэдэх байх. Харин дотор бэлэг эрхтэнд хэвлийн бага аарцгийн хөндийд байрлах умай, умайн хүзүү, гуурсан хоолой, өндгөвч, үтрээ хамаарна. Үүнээс үзвэл эмэгтэйчүүдийн зөвхөн бэлэг эрхтэн найман өөр төрлийн бүтэц, үүрэгтэй. Эдгээрээс умайн хүзүү, хөх, өндгөвч хорт хавдарт хамгийн их өртдөг. Жилд дунджаар умайн хүзүүний хавдрын 350-400 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 120-150 хүн нас барж байна. Хөхний хавдраар жилд 240-260 хүн өвчилж, 80-90 нь нас бардаг. Өндгөвчийнх үүнээс хоёр дахин цөөн ч эндэх тохиолдол олон байх жишээтэй. Эдгээрийг нэмбэл, зөвхөн эмэгтэйчүүдийн байрлалын хорт хавдраар жилд 310-330 хүн энддэг. Энэ бол өндөр үзүүлэлт юм. Гэтэл эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх бүрэн боломжтой байдаг нь харамсалтай” гэлээ.
Эмэгтэйчүүдийн байрлалын хавдрын сүүлийн таван жилийн статистикийг харахад өсөлт, бууралт бараг л ижил түвшинд буюу онцын өөрчлөлтгүй байна. Энэ нь хүн амын өсөлт, оношилгооны чадамж, иргэдийн эрүүл мэндийн боловсрол сайн, муу, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах байдал зэрэг олон хүчин зүйлээс хамаарчээ. Тухайлбал, манай улс хөх, умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 2011 оноос хойш зохион байгуулсан. 30-60 насны бүсгүйчүүд гурван жилийн давтамжтайгаар умайн хүзүү, хөхний өмөнгийн эсийн шинжилгээг харьяа өрх, дүүргийн эмнэлэгтээ өгөх ёстой. Гэтэл уг үзлэгийн сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлт дээрх насныхны 45 хувьд ч хүрэхгүй байгааг албаныхан шүүмжилсэн. Тухайлбал, 2018 онд умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт 85 000 гаруй хүн хамрагджээ. Энэ нь үзлэгт хамрагдвал зохих эмэгтэйчүүдийн 37.4 хувь аж. Цаана нь 220 000 эмэгтэй хавдрын эсийн шинжилгээнээс хоцорсон байна. Хэрэв тэд эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан бол нас баралтыг тодорхой хэмжээнд бууруулж чадах байсныг Г.Ням-Од эмч хэлсэн.
Эрт илрүүлэг гэдэг нь ямар нэгэн өвчний шинж тэмдэггүй, эрсдэлтэй хүмүүст тодорхой давтамжтайгаар хийх шаардлагатай үзлэгийг хэлдэг байна. Жишээ нь, 40-өөс дээш насныхан улаан хоолой, ходоодны хавдраас сэргийлэх үзлэгт жил бүр, элэгний В, С вирустэй, архаг үрэвсэл, хатууралтай хүн жилд 1-2 удаа шинжлүүлэх заалттай. Нөхөн үржихүйн насны бүсгүйчүүдийг бол жил бүр эмэгтэйчүүдийн үзлэг хийлгэн, ЭХО-д “харуулах”-ыг эмч нар зөвлөдөг юм билээ.
Г.Ням-Од эмч “Эмэгтэйчүүдийн дунд хамгийн их тохиолдож буй умайн хүзүүний хавдраас 100 хувь сэргийлж болдог. Уг эрхтэн нь умай болон үтрээг холбодог булчинлаг бүтэцтэй. Эмэгтэйчүүдийн үзлэгээр буюу тусгай багажийн тусламжтайгаар энэ хэсэг бүхлээрээ харагддаг учраас өөрчлөлт гарсан, үгүй нь мэдэгддэг. Умайн хүзүүн дэх эсүүд хэвийн бусаар өсөж, ургахыг хортой хавдар гэж хэлээд буй юм. Олон шалтгаантай ч голдуу хүний хөхөнцөр вирус (HPV)-ээр үүсгэгддэг гэж үздэг. Уг вирус нь бэлгийн замаар дамждаг бөгөөд умайн хүзүүний хорт хавдар болон энэ төрлийн эмгэгтэй өвчтөнүүдийн 99.7 хувиас нь илэрсэн байдаг. Гэхдээ хөхөнцөр вирустэй хүн болгон хавдар тусахгүй. Хорт хавдар болохоос өмнө буюу умайн хүзүүнд эд, эсийн түвшинд өөрчлөлт орох үеийг урьдал эмгэг гэнэ. Үүнийг эмнэлгийнхний хэллэгээр CIN 1, 2, 3 гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, энэ үед өвчнийг илрүүлж, эмчилж чадвал хорт хавдар тусахгүй гэсэн үг. Урьдал эмгэгийн үе шат HPV-ийн халдвар авснаас хойш дунджаар 4-6 жил үргэлжилдэг. Вирусийн шалтгаантай өөрчлөгдөж буй эсүүдийг зөвхөн эрт илрүүлэх үзлэгээр “барьж авдаг” тул шинжилгээнд заавал хамрагдаарай” хэмээн зөвлөв.
Хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээ нь умайн хүзүүнээс наалдац авч, лабораторид тусгай аргаар будан, микроскопоор шинжилдэг бөгөөд ямар нэгэн зовуурьгүй хийгддэг оношилгоо юм. Яагаад заавал хийлгэх шаардлагатай вэ гэхээр умайн хүзүүний хавдрын урьдал эмгэг болон эрт үеийн хорт хавдрын үед тухайн хүнд ямар нэгэн шинж тэмдэг, зовуурь илэрдэггүй аж. Тиймээс хавдраас сэргийлэх, өөрийгөө аврах цор ганц боломж нь энэ гэсэн. Эсийн шинжилгээг сарын тэмдэг ирээгүй үед өгөх бөгөөд сүүлийн хоёр хоногт доогуур угаалга хийхгүй, бэлгийн харьцаанд орохгүй, үтрээний лаа, тос, эм зэргийг хэрэглэхгүй байхыг эмч нар анхааруулсан. Нэг зүйлийг нэмж тодруулахад, манай улсад умайн хүзүүний эсийн шинжилгээг 30-60 насанд хийлгэхийг заасан боловч 30-аас доош насны, бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдахыг эмч нар зөвлөсөн. Учир нь ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт хорт хавдрын улмаас нөхөн үржихүйн насныхны умайн хүзүүг тайрах мэс засал жилд дунджаар 150 орчим хийгддэг гэнэ. Тэдний 45-50 нь 30-аас доош насныхан байгаад эмч нар сэтгэл эмзэглэж буйгаа хэлсэн. Түүнчлэн жил бүр 30-аас доош насны 8-10 эмэгтэй хорт хавдрын хожуу шатанд оношлогдох болжээ.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хөгжингүй болон хөгжиж буй орнуудтай харьцуулахад Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөр байгааг энэ мэт олон судалгаанд тэмдэглэжээ. Мөн уг өвчин Ази, Өмнөд Америк, Африкийн хөгжиж буй орнуудад илүүтэй илэрдэг. Гэсэн ч АНУ болон БНСУ-д эрт илрүүлэх үзлэгийг 21 наснаас эхлэн хийдэг юм билээ. Манай улсын хэмжээнд 2009 онд умайн хүзүүний хорт хавдар 100 000 эмэгтэй тутамд 19.2 оношлогдсон бол эдүгээ 23-24-тэй байна. Бүс нутгаар авч үзвэл, эл үзүүлэлт Дархан-Уул аймагт 62.9, Сэлэнгэд 55.8, Дорнодод 37.4, Говьсүмбэрт 34.5, Говь-Алтайд 31, Баянхонгорт 29.2, Хэнтийд 28.9, Өмнөговьд 27.1, Дундговьд 25.9 байгаа аж.
Хөхөнцөр вирусээс гадна умайн хүзүүг өвчлүүлдэг эрсдэлт хүчин зүйлс нь эмэгтэй хүний эстроген дааврын өөрчлөлт, кофайны хэт их хэрэглээ, жирэмснээс хамгаалах болон бусад эмийн нөлөөгөөр үүсдэг. Мөн хорт зуршил, хоол тэжээлийн дутагдал, үр хөндүүлэх, эмэгтэйчүүдийн бусад өвчнөөс эхлэлтэй аж. Хэдийгээр улс орон даяар умайн хүзүү, хөхний өмөнг илрүүлэх үзлэгийг зохион байгуулж буй ч энэ нь хангалтгүй аж. Эрт илрүүлгийн нэгж тогтолцоо бүрдүүлэх нь эдүгээ нэн чухал асуудал болжээ. Тодруулбал, аймаг, дүүрэг бүрт эрт илрүүлгийн нэгж, төв байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, зорилтот бүлгийнхнийг үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж, эмчлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан хэлсэн. Ингэх нь яагаад чухал болохыг илтгэх нэг жишээ дурдахад, олон улсад умайн хүзүүний хавдар 50-иас дээш насныханд оношлогддог бол манайд энэ аюул 30 наснаас эхэлж байгааг дээрх баримтууд илтгэнэ. Умайн хүзүүний хавдрын эхэн үед онцын зовуурь шаналгаагүй ч аажимдаа сарын тэмдгийн мөчлөг хооронд, ердийн үеийнхээс олон хоног их хэмжээгээр цус алддаг. Мөн бэлгийн харьцаанд орсны дараа болон цэвэршсэнээс хойно цус гарах, үтрээний ялгадас ихсэх, шалтгаангүйгээр ядрах, ууц, нуруугаар өвдөх нийтлэг шинж тэмдэг илэрдэг тул тоохгүй өнгөрч болохгүй аж.