УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн гарч, хамгийн олон санал авч ялсан нэр дэвшигчдэд өнөөдөр үнэмлэх гардуулна. Сонгуулийн үр дүнгээр бүрдсэн УИХ-ын чуулган хуралдаж, шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөнө. Харин шинээр сонгогдогсдын дунд албан тушаалын болон хээл хахуулийн хэрэгт холбогдсон хоёр хүн бий.
Нэг нь өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат. Сэлэнгэ аймгаас хоёр дахь удаагаа сонгогдсон түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон хэрэгт буруутган долдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэхээр товлосон. Түүнийг 2017 оны есдүгээр сард Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Нөхөх олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай Засгийн газрын тогтоол баталж, Тост, Тосон бумбын нурууны хилийн заагт байрлалтай тусгай зөвшөөрлийг цуцлан нөхөн олговор олгохдоо дүүгийнхээ компанид давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татан, шүүгдэгчийн ширээнд суулгаж буй.
Нөгөөх нь Баянхонгор аймгаас сонгогдсон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан А.Адъяасүрэн гэх эмэгтэй. Түүнийг албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт холбогдуулан үйлдэл дээр нь шахам илрүүлсэн байдаг. Тодруулбал, Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Г гэх хүнээр дамжуулан энэ оны гуравдугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100 000 ам.доллар өгсөн хэрэгт яллагдагчаар татсан. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гурван ч компанийн тодорхой хувийг А.Адъяасүрэн эзэмшдэг юм. “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын 680 ачааны автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд дээрх албан тушаалтанд хахууль өгсөн нь баримтуудаар нотлогдсон гэж хууль хяналтын байгууллагынхан үзээд Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол баталсан аж. Түүнээс хахууль авсан хэрэгт холбогдсон Г.Доржпаламыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа юм.
УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбат, А.Адъяасүрэн нар хэрэв тангаргаа өргөвөл Улсын ерөнхий прокурор тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өргөн барих нь гарцаагүй. Шүүхээс тэднийг гэм буруутай гэж тооцвол эгүүлэн татах нөхцөл үүснэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 29.3-т “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын их хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэнэ. Уг гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан бол УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.6.6-д гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол эгүүлэн татах үндэслэл болохоор хуульчилсан билээ.
Шинээр байгуулагдах УИХ “ангийнхаа” хоёр хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү. Хэрэв түдгэлзүүлэхгүй бол 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан, ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон ч бүрэн эрхээрээ далайлган шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт ирэхгүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулах нөхцөл байдал үүсэж болзошгүй юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа