УИХ-ын шинэ гишүүд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардан авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал: Ард түмэн МАН-д итгэл үзүүллээ. Энэ итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой. СХД-ийнхээ иргэдийн 65 хувийн итгэл дэмжлэгийг авч УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдлоо. Иргэдтэй уулзаж байхад боловсролын реформ хийх, нийгмийн даатгалын шинэчлэл, хуримтлалын сан бий болгох ажлуудыг даруй зохион байгуулах захиасыг хэлж байсан. Дундаж давхаргыг дэмжсэн намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нийгмийн даатгалыг бүхэлд нь шинэчлэх асуудал байна.
Өнгөрсөн парламентын үед өргөн барьсан хувийн тэтгэврийн хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн энэ намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулж дундаж давхаргыг дэмжих тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд 40 гаруй хуулийн төслийг санаачилсан. Энэ хүрээнд санаачилсан хуулиудаа үргэлжлүүлнэ хэрэгжүүлнэ. Одоо шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайдын эрх үүрэг нилээд өргөжсөн. Шинэ Үндсэн хууль батлагдсан. Тэгэхээр шинэ 30 жилийн эхний дөрвөн жил хэрхэн өнгөрөх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулна. Завгүй өдрүүд хүлээж байна.
Эдийн засгийн бүтцийг шинэчлэх хэрэгтэй. Нийгмийн даатгал, сургуулийн шинэчлэлтийг хийх хэрэгтэй. Намраас санаачилсан хуулийн төслийг хэрэгжүүлж ажиллана. Төсвийн орлого зарлагыг нэмэгдүүлэх ажлыг хийх юм. Шинэ үндсэн хуулийг баталсан. Эхний дөрвөн жил хэрхэн ажиллах талаар харах боломжтой" гэв.