2020.06.26.16.00 цаг.
“Тусгаарлах байр луу явах жолоочийг авахаар ирлээ, хаана байгаа бол”, “Сая ирсэн ачаа, бараагаа авах гэсэн юм, хэнтэй уулзах вэ” гэж хүмүүс шуугилдан, автомашинууд зогсолтгүй цуварна. Энэ хэсэг ногоон бүс гэнэ. Цааш шар, улаан бүс байх аж. Улаан руу зөвхөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид хөл тавих эрхтэй. Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт ийнхүү ажиллаж байгаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийнхний ажлыг сурвалжиллаа.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар “Монгол транс”, “Ти Ай ложистик”, “Интердесижн” гэсэн гурван хэсэгт энэ оны гуравдугаар сарын 18-наас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй юм.
Европын орнуудаас хүнс, ахуйн бараа ачсан 34 машин өнгөрсөн баасан гарагт ОХУ-аар дамжин Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн боомтоор нэвтэрч, Улаанбаатарт ирэв. Тэдгээрээс 15 нь бидний сурвалжилж буй “Интердесижн”-д буусан юм. Алтанбулагийн боомтод жолооч нараас коронавирусийн шинжилгээ авахад хариу нь бүгд сөрөг буюу эрүүл гарчээ. Манай улсад “Ковид-19”-ийн 35 дахь тохиолдол ОХУ-аас ирсэн монгол жолоочоос илэрсэн. Түүнээс хойш буюу дөрөвдүгээр сарын 21-нээс одоог хүртэл олон улсын ачаа тээврийн таван жолоочоос коронавирусийн халдвар илрээд байна. Тэдний гурав нь Беларусь улсын иргэн аж. Өнгөрсөн баасан гарагт “Интердесижн” терминалд буусан 15 жолоочийн нэг, монгол иргэн тусгаарлах байр луу явах хүсэлт албаныханд гаргасан байна. Үүний дагуу Автотээврийн үндэсний төвөөс мэргэжилтэн ирж, түүнийг авч явсан юм. Үлдсэн 14 жолооч нь оройдоо багтаад хилээр гарах аж.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нөөс хяналтын 14 бүсийн ариутгал, халдваргүйтгэлд хяналт тавьж ажиллаж байна. Үүний хүрээнд 7662 аж ахуйн нэгжийн 8929 чингэлэг, вагон, олон улсын ачаа тээврийн автомашин, 26 307 тонн бодис, бараа, бүтээгдэхүүнийг хянаж, шалгажээ. Алтанбулагийн боомтоор нэвтрүүлсэн олон улсын ачаа тээврийн 1984 машиныг хянаж, 103 жолоочийг тусгаарлах байранд шилжүүлсэн гэнэ. Энэ хугацаанд 803 монгол, гадаад 1211 жолооч хилээр нэвтэрсэн байна. Улсын байцаагчид өдгөө 102 дахь хоногтоо амралтгүй ажиллаж буй.
“Интердесижн” терминалд ургамлын хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч З.Алтанцэцэг, М.Баянжаргал, хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.Жаргалмаа, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Я.Хандармаа, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Г.Далайжаргал нар ажиллаж байв. Тэдний гурав нь олон улсын ачаа тээврийн машины ачаа тээшийг хянах буюу улаан бүсэд ажилласан юм. Тус бүс рүү байцаагч нараас өөр хэнийг ч нэвтрүүлдэггүй бөгөөд харуул хамгаалалтын ажилтан, дотоодын цэрэг үүнийг хянах үүрэгтэй. Мөн олон улсын ачаа тээврийн машины жолооч нар бүхээгээсээ буух, эсэх болон элдэв зөрчил гаргахаас сэргийлдэг байна. Жолооч нарын олонх нь Беларусь, ОХУ-ын иргэн бөгөөд хэл нэвтрэлцэхэд багагүй асуудал гардаг аж. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан эхний өдрүүдэд тэд хоол унд нэхэхээс эхлээд олон шаардлага тавьж, машинаасаа буух, бусадтай харилцах зэрэг асуудал гаргадаг байжээ. Жолооч нар бүхээгтээ хооллон, тэндээ амарч, ариун цэврийн өрөө орохоос өөр тийш явах эрхгүй хөл хорионд байв. Улаан бүсэд байрлуулсан 15 машины ачаа, тээшийг буулгах, сэлгэн зөөх ажил үргэлжилж байлаа.
Шинжилгээний хариу сөрөг гарсны дараа улсын байцаагчийн зөвшөөрлөөр аж ахуйн нэгжүүд ачаа бараагаа ирж авдаг юм байна. Ингэхдээ ачаа сэлгэн зөөх автомашиныг ариутгах бөгөөд малгай, бээлий, амны хаалт зүүсэн, битүү хувцастай хүмүүс тэнд ажиллаж байв. Зарим албан байгууллага ачаагаа ирж авахгүй бол тусгай агуулахад хадгалдаг юм билээ. Өглөө ирсэн олон улсын ачаа тээврийн машиныг хонуулахгүй оройд нь буцаахын тулд шуурхай ажиллаж байлаа.
Хэд хоног дараалан орсон борооны улмаас Дархан-Уул аймгийн чиглэлийн авто зам эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчиход амаргүй болжээ. Үүний улмаас Алтанбулагийн боомтоос өчигдөр (зургадугаар сарын 25) 23.30 цагт гарсан олон улсын ачаа тээврийн машинууд баасан гаргийн 13.00 цагийн үед ирсэн байна. Өмнө нь өглөө эрт ирчихдэг байсан машинууд оройтсон учир 16.00 цагийн үед дөнгөж дөрвөн машины ачааг л сэлгэж амжжээ. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Я.Хандармаа “09.00 цагт ажилдаа ирсэн. Тусгай зөвшөөрөлтэй “Хунт хайрхан” компани энд ариутгал, халдваргүйтгэл хийдэг юм. “Хлорсепт-17” гэж бодис хэрэглэдэг. Бодисоо зөв найруулсан, эсэхийг нь бид хянадаг. Мөн жолооч нарын халууныг үзнэ. Орос, беларусь жолооч нар шаардлага биелүүлэхгүй, машинаас бууж, суух тохиолдол гардаг. Хүний болон машины мөр гарсан даруйд ариутгадаг. Ургамал, хүнс, эрүүл ахуй, эм, био бэлдмэл, мал эмнэлэг гэсэн таван чиглэлээр байцаагч нар ажиллаж байгаа. Хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний дээж эерэг гарвал тээврийн хэрэгслээс нь буулгалгүй, үйлдвэрлэсэн улс руу нь буцаадаг. Шимэгч хорхой илэрсэн 4.7 тонн лаазалсан загасыг хэд хоногийн өмнө буцаасан” гэв. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан эхний өдрүүдэд түгшүүртэй, айдастай ажиллаж байснаа тэрбээр нуугаагүй. Эрсдэл өндөртэй бүсэд ажиллаж буй учраас хүүхдүүдээ аавынх руугаа явуулж, хэд хоног тусгаарласан гэнэ. Түүний нөхөр мөн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын байцаагч бөгөөд Алтанбулагийн боомтод ажиллаж буй аж.
Я.Хандармаа байцаагчтай үг солих зуур түүнээс зарим зүйлийг лавлах гэсэн хүн цөөнгүй ирэв. Нэгэн залуу 10 гаруй монгол гэр хил давуулах гэж буйгаа учирлана. Олон улсын ачаа тээврийн машинаас хоёрт нь арьс, шир, монгол гэр, модон эдлэл зэрэг экспортын бараа ачих юм байна.
Олон улсын ачаа тээврийн 15 машины нэг нь жимс, жимсгэнэ ачиж иржээ. Үүнд ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагчид санаа тавих үүрэгтэй. Зөрчил илэрсэн, эсэхийг улсын ахлах байцаагч З.Алтанцэцэгээс тодруулахад “Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд жимс, жимсгэнэ, модон бэлдцүүд ордог. Одоогоор жимсний чанар, хугацаа зэрэгт зөрчил илрээгүй. Харин сонгинын үрнээс дотоод хорио цээртэй хортон шавж илэрсэн. Ийм шавж илэрвэл ариутгаж, халдваргүйжүүлээд нэвтрүүлэх ёстой. Үүний дагуу агуулахад буулгаж ариутгаад, дахин шинжилсний дараа тариалалтад өгсөн. Монгол Улсад байхгүй буюу гадаад хорио цээртэй бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй, буцаах, эсвэл устгадаг юм. Жимс, жимсгэнийг онцгой горимын дагуу хадгалдаг.
Тиймээс жимс буунгуут лабораторийн машинаа дуудан, дээж авч шинжлүүлнэ. Улсын мал эмнэлгийн төв лаборатори болон МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид шинжилгээ байнга хийж байгаа. Хариу нь цагийн дараа гарах бөгөөд хугацаа хэмнэх үүднээс утсаар мэдээлдэг. Зөрчил илрээгүй тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгслээс нь буулгах зөвшөөрөл олгоно. Өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулгадаггүй. Хэрэв шинжилгээгээр зөрчил илэрвэл тээврийн хэрэгсэлтэй нь буцаах, эсвэл устгадаг. Бид олон улсын ачаа тээврийн машины жолоочийн бүхээг, бичиг баримтыг нь хүртэл ариутгаж байгаа” гэв. Тэд зөвхөн Европын орнуудаас ирж буй бараа, бүтээгдэхүүнийг хянаж, шалгадаг бол БНХАУ болон өөр улсынхыг бусад хяналтын цэгт хянадаг юм байна.
Амны хаалт зүүхэд ч амьсгал давчдам халуунд улсын байцаагчид битүү хувцастай 24 цагаар ажиллаж байна. Амны хаалт зүүж, малгай, бээлий өмсөөд ногоон, шар бүсэд хөл тавьчихаад хэсэг хугацааны дараа бээлийгээ тайлахад гарнаас ус дусалж байв. Хамгаалагч Б.Володя амны хаалт зүүж, битүү цагаан хувцас өмссөн бөгөөд түүний хөлс нь бурзайж, царай нь наранд түлэгджээ. “Өнөөдөр ирсэн 15 жолоочийн 12 нь гадаад. Тэдэнтэй ойлголцох амаргүй. Хамгаалах хувцсаа дутуу өмсөх, машиныхаа хаалгыг хаахгүй, архи, согтууруулах ундаа оруулах гэж зүтгэхээс эхлээд зөрчил гардаг. Олон улсын ачаа тээврийн машинуудыг ачаагаа суллаж, буцах хүртэл нь хянаж ажиллах үүрэгтэй” хэмээв.
Жолооч нар цар тахал тээж ирэх магадлал өндөр. Тиймээс аюулгүй байдлыг дээд зэргээр хангах нь чухал. Монгол Улс иргэдээ хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хомсдолд оруулахгүйн тулд олон улсын ачаа тээврийн машинуудыг хил нэвтрүүлж буй. Хүүхдийн тоглоом, хувцас, хүнс, гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа, автомашины сэлбэг, барилгын материал, тоног төхөөрөмж гээд хүний хэрэгцээтэй бүхнийг тэдгээр машинаар зөөж байна. Энэ бүхнийг улсын 35 байцаагч хянан ажиллаж байгаа юм. Хүн хүч дутмаг учир ихэвчлэн 24 цагаар, амралтын өдрөөр ч ажиллаж буйгаа тэд дуулгасан. Гэвч тэдэнд илүү цагийн цалин, урамшуулал олгодоггүй гэх.