УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн баасан гарагт зарлалаа. Мөн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, мандатынх нь тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, тогтоол баталснаа мэдээлэв. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүний үнэмлэхийг өнөөдөр гардуулсны дараа сонгуулийн дүн, холбогдох шийдвэрийг УИХ, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх аж. Энэ удаагийн сонгуульд 2 003 969 иргэн санал өгөх ёстойгоос 73.65 хувь буюу 1 475 895 нь сонгуульдаа оролцжээ. Мөн санал авах цаг дууссаны дараа нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагуудын ажиглагчдыг оролцуулан, 846 хэсэгт хяналтын тооллого явуулсан бөгөөд ямар нэг зөрчил илрээгүйг мэдэгдэв. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийг Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу явуулж, хүчин төгөлдөр болж өндөрлөсөн гэж СЕХ үзлээ. Энэ удаагийн сонгуулийг хууль, эрх зүйн шинэ орчинд олон мандаттай, томсгосон тойргоор зохион байгууллаа. Аянга цахилгаантай, үертэй, бороотой, мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн зэрэг бэрхшээлтэй тулгарсан ч сонгуулиа амжилттай явуулав. 2000 оноос хойших сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй нь байлаа. МАН-аас 62, АН-аас 11, “Та, бидний эвсэл”-ээс нэг, “Зөв хүн электорат” эвслээс нэг, бие даан нэг хүн УИХ-ын гишүүнээр сонгогдлоо” гэв.
Ж.ЭРДЭНЭБАТ: ЭРЭМБЭЛДЭГ ФУНКЦ АЖИЛЛАХГҮЙ БОЛСОН
29 тойрог тус бүрт УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсийн нэрийг СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан танилцуулав. Үүний дараа бие даагчдын саналын тоо яагаад таслалтай байсан болон бусад асуултад СЕХ-ныхон тайлбар өглөө. Тус хорооны дарга Ч.Содномцэрэн “Нэгдүгээрт, 29 тойрог нь хоёр, гурван мандаттай. Тэгэхээр нэг иргэн тойргоосоо хамаараад хоёр, гурван нэр дэвшигчид санал өгнө. Тиймээс сонгогчийн тоо, саналын тоо зөрөх нь аргагүй. Үүнийг энгийн хүн ойлгоно. Мөн 2 624 000 хүн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн. Энэ бол хорих газарт саатуулагдаж буй, тусгаарлалтад байгаа 130 мянга гаруй иргэнээс тусдаа жагсаалт. Санал авах өдөр хорих ангиас суллагдаад ирэх юм бол тухайн иргэн саналаа өгөх эрхтэй. Тэгэхээр сонгогчдын нэрийн жагсаалтад нэмж бүртгэгдэнэ гэсэн үг. Түр хасав төлөвөөс үндсэн сонгогчийн нэрийн жагсаалтад нэрийг нь шилжүүлдэг. Тухайн өдөр нэмж санал өгсөн хүний тоог УБЕГ-аас ирүүлснээр нийт сонгогчийн тоо өөрчлөгдсөн” хэмээв. Мөн СЕХ-ны Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат “Саналын тоо бүхэл гарах ёстой, бие даагчдын саналын тоо бутархай байсан гэх мэдээлэлд тайлбар хийе. Манайх дэлгэцээр мэдээллийг шууд дамжуулсан. Мянгаас дээш гарахаар таслал бичдэг. Жишээ нь, нэг саяыг бичихдээ 1,000,000 гэдэг. Мянгыг 1,000, нэг мянга хоёр зууг 1,200 гэж бичдэгтэй адилхан мянгачилсан таслал. Зарим бие даагчийн санал мянгаас дээш болоход энэ таслал гарч ирсэн. Гэнэт манай эрэмбэлдэг функц ажиллахгүй, саналын тоог дараалалгүйгээр гаргасан. Тоон утга нь хэвээрээ гэсэн үг. Мөн “хар машин”-ы билл дээрх (цаасан дээр) дүнг хэвлэн, ажиглагчдад өгсөн” гэв.
Түүнчлэн хорих ангид саатуулагдаж буй ч сонгогдсон нэр дэвшигчийн талаар тодруулахад Ч.Содномцэрэн “СЕХ Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон, үнэмлэх олгохоор болсон. Цаашид яах, эсэхийг эрх бүхий байгууллагууд нь шийднэ. Зөрчил, хууль тайлбарлах эрх бидэнд байхгүй. Нэр дэвшигчдийг цагдан хорьсон асуудлаар нам, эвслээс манайд хандсан. Баривчлах хүсэлтийг нэг ч газраас ирүүлээгүй. Нэг ч нэр дэвшигчийг баривчлах, саатуулах зөвшөөрлийг бид өгөөгүй. 606 нэр дэвшигчийг ард түмэн эрэмбэлж буй. Нам, эвсэл, нэр дэвшигчдийн мэдээллээс үзэхэд дийлэнх нь зохион байгуулалт сайтай боллоо гэж хэлсэн. Гомдолтой байгаа бол түүнийгээ шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй. 22.10 цаг болоход эхний хэсгийн хорооны мэдээ ирсэн. Сонгуулийн дүн өмнө нь тав, долоо хонож байж гардаг байсан шүү дээ” хэмээв.
Нэр дэвшигчийн эзэмшлийн компаниар саналын хуудсыг хэвлүүлсэн гэх шүүмжлэл гарсан. Үүнд тэрбээр “Манай улсад саналын хуудас хэвлэх зөвшөөрөлтэй хоёр компани бий. Тэнд зохих стандарт, шаардлагыг мөрдүүлж хэвлүүлсэн. Үүнээс гадна Хяналтын тооллогыг хэсгийн бүх хороонд явуулахаар УИХ-д санал оруулсан ч 50 хувьд нь явуулахаар хуульчилсан” гэв.