Бие даагч нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн Т.Бат-Оргил "Өнөөдөр энд цөөн хэдэн хүн цуглаад байгаа ч ард олон хүн бий. Зарим нь хөдөө орон нутгаас ирж чадаагүй, зарим нь өөр ажилтай учраас ирж чадаагүй ч бидэнтэй хамт байгаа гэдгээ хэлж байна.
Улсын Их Хурлын тухай хуулийг хүч түрэн баталсан. МАН ялагдахынхаа үед үхэр буугаа тавьж, төрийн эргэлт хийж байна. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэг бол 60 тэрбум. Гэтэл ил цагаан баримт нь байсаар байтал хэнд хариуцлага тооцов. Хоёр жараахайг сор залснаас биш томчууд нь юу ч болоогүй мэт ордонд сууж байсан.
Хар хайрцгаар төрийн луйвар хийж байна. Бид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм луйврыг хүлээн зөвшөөрвөл Монгол Улсад юу болох вэ. Бид сонгуулийг хүчингүй болгохоор гарын үсэг зуруулж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг зүгээр хараад өнгөрөхгүй гэж найдаж байна" гэлээ.