Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхий дахинаа 9,678,000 хүн өвчилж, 488,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. 8.2 сая хүн эдгэрч, 3 сая гаруй хүн эмчилгээ хийлгэж байгаа.
Сүүлийн 24 цагт 150,000 гаруй хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барсан байна. АНУ, Бразид, Энэтхэг улсууд өвчлөлийн тоогоор тэргүүлсээр байгаа бөгөөд ирэх долоо хоногт АНУ-д өвчлөлийн оргил үе тохионо гэх тооцоолол гаргасныг зарим судлаачид мэдээлж байгаа. ОХУ-д сүүлийн 24 цагт 7,113 хүн шинээр өвчилж, 92 хүн нас барсан байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсээр байгаа. Тувад яаралтай тусламжийн үйл ажиллагаа нэлээн доголдоод байга юм байна.
Манай улсын хувьд өчигдөр 126 хүн шинээр ажиглалтад орж, 17 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоо ажиглалтад 2,566 хүн байгаа. 1-5 насны 130 хүүхэд, 53 жирэмсэн эх байна. 188 сувилагч, 13 асрагч коронавирусийн халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байна. Улсын хэмжээнд 5002 хүн гэрийн ажиглалтад орсноос өнөөдөр 602 хүн байна.
Өчигдөр 119 тусгай дугаар 164 дуудлага ирсэн бол шуурхай апликейшнээр гадаадаас дөрвөн иргэн холбогдож, зөвлөмж мэдээлэл авсан" гэдгийг хэллээ.