Сонгогчийн нэрийн жагсаалтад нийт 2,003,969 хүн бүртгэгдсэнээс 1,475,895 нь саналаа өгч, сонгуулийн ирц 73.65 хувьтай байв. Иймд Монгол улсын иргэн бүр үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж төрийн түшээдээ сонгож, МАН 62 хүний мандатаар дахин үнэмлэхгүй ялалт байгуулсан бол АН-ын 11, бие даан нэр дэвшигч 1, Та бидний эвслээс 1, Зөв хүн электорат эвслээс 1 нэр дэвшигч ялалт байгуулаад байгаа билээ.
2020 оны УИХ-ын сонгууль өмнөх оны сонгуулиас олон онцлогтой болж байна. Тухайлбал, Дэлхий нийтийг айдаст автуулаад буй коронавирус хэмээх цар тахлын үед манай улс УИХ-ын сонгуулиа амжилттай зохион байгууллаа. Мөн Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, Сахигтун хөдөлгөөнөөс их хуралд нэр дэвшигч хуульч Х.Бат-Ялалт, Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Сангийн сайд асан С.Баярцогт, Хөвсгөл аймагт нэр дэвшигч Да.Ганболд, Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайхан нар цагдан хорих ангиас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Тэгвэл УИХ-ын сонгуульд хорих ангиас нэр дэвшиж буй эдгээр горилогчдоос МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат ялалт байгуулж чадсан бол бусад нь бүгд өвдөг шороодсон.
Энэ удаагийн сонгуулийн бас нэг онцлог нь УИХ-д хамгийн олон буюу найман удаа сонгогдсон Баянгол дүүргийн 26-р тойрогт нэр дэвшигч Д.Лүндээжанцан 26890 саналаар 4-рт бичигдэж, УИХ-ын сонгуульд анх удаа өнжихөөр болж байна. Тэрбээр 1992 оноос хойш явагдаж буй УИХ-ын сонгуульд найман удаа нэр дэвшиж, долоо сонгогдсон туршлагатай түшээ.
Харин АН-ын дарга С.Эрдэнэ Баянгол дүүрэгтээ нэр дэвшиж, 17031 саналаар жагсаалтын 6-рт эрэмбэлэгдэж ялагдлаа. Намаа оройлон, манлайлах учиртай С.Эрдэнэ АН-ыг ч, өөрийгөө ч ялагдуулсан нь түүнд том цохилт болж байгаа нь мэдээж.
Мөн ардчилсан сонгуульд тасралтгүй долоон удаа нэр дэвшсэн Ц.Нямдорж УИХ-ын сонгуульд анх удаа өвдөг шороодлоо. Орхон аймгийн 20-р тойрогт нэр дэвшсэн тэрбээр 14273 саналаар 5-рт бичигдэж, тойргийн гадна үлдэв.
Түүнийг тойргийн гадна үлдсэн ч сайд болж магадгүй гэсэн таамаг олон нийтийн сүлжээнд өрнөж буй. Уг нь Эрдэнэтэнчүүд энэ удаагийн сонгуульд хамгийн супер сонголт хийлээ гэж иргэд амь сайтай байгаа юм. Гэтэл иргэдийн сонголтыг МАН хөсөрдүүлэхгүй байх гэж найдаж буй хүн олон. Хэрэв Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх, Ц.Нямдоржыг сайдын албан тушаалд томилох юм бол ард түмний итгэлийг алдана. Иймд МАН иргэдийн мэргэн сонголтыг хүндэлж, итгэлийг нь алдахгүй байх нь зүйтэй.