Ардчилсан намын залуус намын байрныхаа гадаа хэвлэлийн хурал хийлээ. Тус намын гишүүд АН-ын дотоод ажлыг хангуулах, хяналт тавих түр хороог байгуулжээ. Тодруулбал тус хороо нь 2020 оны УИХ- ын сонгуульд ялагдал хүлээснээс үүдэн дотоод дүрмийн дагуу намын удирдлагуудаа шинэчилнэ, намын дотоод ажлыг хангуулах зорилгоор байгуулагдаж байгаа аж.
Энэ талаар АН-ын гишүүн Б.Ган –Эрдэнэ хэлэхдээ" УИХ –ын ээлжит сонгуулийн үеэр Ардчилсан нам парламентад 11 суудал авч, хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялалт хүлээлээ. Энэ нь ардчилсан намыг олон жилийн турш дэмжиж, ардчилалд итгэж ирсэн, олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй үйл явдал боллоо. Ардчилсан намын гишүүд бид энэ байдлыг хараад зүгээр суух эрхгүй болжээ. Намыг ялагдалд хүргэсэн одоогийн удирдлага дүрмийн дагуу хариуцлага хүлээж, шинэчилсэн зохион байгуулалтыг шуурхай хийж чадах эсэх, дотоод ардчиллыг гишүүдийн оролцоотой хангаж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Иймд цаашдын үйлд хяналт тавих, шинэчлэлийг сууриар нь зөв зохион байгуулах нь намын төдийгүй Монголын ардчилалд их чухал ач холбогдолтой гэж бид үзэн ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулснаа зарлаж байна. Тус түр хороо дараах ажлыг хийхээр зохион байгуулсан болно. Үүнд :
- 1. Ардчилсан намын үндсэн дүрмийн 3.10.1.1 заасны дагуу Ардчилсан намын дарга, дэд дарга , Ерөнхий нарийн бичгийн даргыг зургадугаар сарын 24-ны орой огцорсныг ажлын тав хоногт буюу 2020 оны долдугаар сарын нэгэнд багтаан албажуулах ажлыг ардчилсан намын үндсэн дүрмийн хороо хийж чадах эсэхийг хянах
- 2. Ардчилсан намын үндсэн дүрмийн 3.10.1.2 заасны дагуу Намын эвслийн бодлогын хорооны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардах, хянах
- 3. Ардчилсан намын дүрмийн хэрэгжилт, дотоод ардчиллыг хангуулахтай холбоотойгоор бусад ажлуудыг зохион байгуулах, түр хорооны зохицуулагчдыг ардчилсан намын үндэсний бодлогын хорооны есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав" хэмээлээ.
Мөн АН-ын ҮБХ гишүүн М.Тулгат хэлэхдээ "Ард түмэн МАН-ыг дэмжиж үнэмлэхүй ялалт өгсөнгүй. АН сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй, дотоод ардчилгүй байсан учраас ялагдлаа. Тиймээс бид намаа шинэчлэх хэрэгтэй. Олон нийт АН-д сэтгэл дундуур байгаа. Ардын намын нийт сонгогчдын 30 гаруй хувийн саналыг авсан. 60 гаруй хувийн санал гээгдсэн. Тиймээс бид АН-аа шинэчлэх ёстой. Бид шаардлагаа шат дарааллын дагуу тавина. Намын үндсэн дүрмийн дагуу сонгуулийн дүн гарсан даруйд намын дарга, дэд дарга ерөнхий нарийн бичгийн дарга нар огцорно. Тиймээс ҮБХ-г хуралдуулах шаардлагыг хүргүүлж байгаа юм. Залуучууд бидний бодол бол дүрмийн дагуу явдаг, дүрэмтэй намыг бий болгоод, дүрэмгүй аашилдаг ах нарыг шинэчлэх зорилготой юм" гэлээ.