Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд голомтот бүс нутгийн иргэд, малчид, эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагынхныг жил бүр дархлаажуулалтад хамруулдаг. Өнөө жил уламжлал ёсоор улсын хэмжээнд энэ сарын 15- наас ирэх сарын 20 хүртэл зохион байгуулах юм. Үүний хүрээнд 21 аймгийн Эрүүл мэндийн газар, есөн дүүргийн эмнэлэгт 51 520 хүн/тун вакцин хүргүүлж, дархлаажуулалтыг эхлүүлээд байна. Дээр дурдсанчлан вакцинд хамрагдах зайлшгүй шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд хандахыг албаныхан зөвлөсөн.
Тодруулбал, тарваган тахлын өсгөвөр, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад, голомтот нутагт геологийн хайгуул, шинжилгээ хийдэг мэргэжлийнхэн, иргэд, малчдыг дархлаажуулалтад түлхүү хамруулах аж. Ташрамд дурдахад, тарваган тахлын вакциныг зургаагаас дээш насныханд хийх заалттай.
Бэлтгэсэн: О.Бат