Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага, УИХ-ыг бүрдүүлэх найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт өчигдөр боллоо. Урьдчилсан дүнгээр МАН 62, АН 11, “Та, бидний эвсэл” нэг, “Зөв хүн электорат” эвсэл нэг суудал авч, бие даагч нэг хүн сонгогдов. Өнөөгийн эрх баригч нам үнэмлэхүй суудал авч, үргэлжлүүлэн засаглах нь.
13 нам, дөрвөн эвслийн нэр дэвшигчид болон 121 бие даагч, нийт 606 хүн өрсөлдсөн энэ удаагийн сонгууль цар тахлын халдварын эрсдэл, аадар бороотой байсан ч ирц бүрдэж, сонгогчид идэвхтэй оролцлоо. Сүүлийн 20 гаруй хоногийн турш бие биенийгээ уриалж, сонгох эрхээ эдэлж, саналаа өг хэмээн “ятгасан” залуучуудын үйл ажиллагаа, хүчин чармайлтын үр дүн гарсан гэж хэлж болно. Өндөр настнууд л үндэсний хувцас, дээлээрээ гангарч, өглөө эртлэн саналаа өгдөг дүр төрхийг тэд өөрчилж, солонгоруулж чадсан. Гэхдээ 18-25 насныхны ирц 43 хувьтай (17.00 цагийн байдлаар), идэвхгүй байгааг Сонгуулийн ерөнхий хорооныхон хэлсэн. Тэдний хамаарах 35-аас доош насныхан нийт сонгогчийн 41 хувийг эзэлж буй.
Санал хураалтын үйл явц зөрчил, хэрүүл тэмцэл харьцангуй бага, тайван болж өнгөрсөн гэж хэлж болно. МАН-ын нэр дэвшигч Г.Амартүвшингийн иргэний харьяаллын талаарх маргааныг үргэлжлүүлэн АН-аас мэдээлэл хийсний хариуд эрх баригчид мэдэгдэл хүргүүлснийг эс тооцвол нам жим байв. Харин үерийн улмаас хөдөө, орон нутагт санал тоолох төхөөрөмж шатаж, эвдрэн, техникийн гэмтэл гарсан юм.
Санал хураалт эхлэхээс өмнө Төрийн дуулал эгшиглүүлэв.
Баянзүрх дүүрэг 23 дугаар тойргийн 15 дугаар хэсгийн хороо
“ХЭСГИЙН ХОРООДОД ЯМАР НЭГ ЗӨРЧИЛ ГАРААГҮЙ”
06.45 цаг. Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн 14, 15 дугаар хэсгийн хороод нь нийслэлийн 33 дугаар сургуулийн хоёр танхимд байрлажээ. Санал өгөх цаг болоогүй байхад одон медалиа зүүсэн ахмадууд, хослол, үндэсний хувцсаараа гоёсон иргэд хэсгийн хорооны үүдэнд урт дараалал үүсгэлээ. Иргэдийнхээ амьдардаг байрын тоотыг дээрх хоёр хэсгийн хороонд хувааж бичсэн хуудсыг сургуулийн үүдний хананд байршуулсан байв. Аль хэсэг рүү явахаа сонгогчид үүнээс мэднэ. Эрүүл мэндийн ажилтан иргэдийн биеийн халууныг хэмжин, онцгой байдлын алба хаагч тэдний гарыг ариутгуулж харагдав. Хэсгийн хорооны ахлагч Н.Энхбат “УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойргийн 15 дугаар хэсгийн хорооны сонгуулийн санал хураах үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Энэ тойрогт 11 нам, эвсэл, бие даагч нийт 36 хүн нэр дэвшиж буй. Тэдний төлөөлөл 23 хүн ажиглагчаар оролцож байна. (Өөрийгөө болон хэсгийн хорооны гишүүд, коронавирусийн халдвараас сэргийлэх хүрээнд ажиллаж буй албан хаагчдыг нэгбүрчлэн танилцуулав) Манай хороонд 1955 сонгогч бий. Үүнээс 19 хүний саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өчигдөр (уржигдар) авсан. СЕХ-ноос 2460 ширхэг саналын хуудсыг бидэнд хүлээлгэн өгсний 20-ийг нь зөөврийн хайрцгаар санал авахад хэрэглэлээ. Та бүхний ажилд амжилт хүсэж, сонгуулийн үйл ажиллагаа эхэлснийг мэдэгдье” хэмээв.
Үүний дараа Монгол Улсын Төрийн дууллыг танхимд эгшиглүүллээ. Хэсгийн хорооны гишүүд санал тоолох төхөөрөмж буюу “хар машин”-ы тайланг хэвлэж, ажиглагчдад тараасан бөгөөд бүх нэр дэвшигчийн нэрийн ард тэг тэмдэглэгээ (Тухайн хүнд нэг ч иргэн санал өгөөгүй гэсэн үг) байгааг танилцуулав. Энэ нь “хар машин”-д өмнө нь ямар нэг саналын хуудас уншуулаагүйг батлах юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зөөврийн хайрцгаар авсан саналын хуудсыг хамгийн эхэнд уншуулах ёстойг тусгасан байдаг. Үүний дагуу 07.00 цагаас эхлэн зөөврийн битүүмжилсэн саналын хоёр хайрцгийг “хар машин”-ы өмнө байрлуулж, лацных нь бүрэн байдлыг шалган, доторх саналын хуудсыг хэсгийн хорооны дарга “уншууллаа”. Сонгогчдын саналыг 07.20 цаг орчмын үед авч эхэлсэн бөгөөд иргэний бүртгэлийн ажилтан тэдний хурууны хээг уншуулж, мэдээлэлтэй нь танилцах үеэр амны хаалтаа түр тайлж, царайгаа “тулгуулах”-ыг шаардаж байв. Нэгэн иргэн “Хоёр метрийн зай барина гэснээ биелүүлэхгүй юм уу. Яагаад ийм олон хүн бөөгнөрөөд байгаа юм бэ” гэж үүдний хэсгээс шүүмжлэв.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр 23 ажиглагч бөөгнөрөл үүсгэснийг хэсгийн хорооныхон хэлж, тэднийг хуваарийнхаа дагуу буюу ээлжээр ажиллахыг шаардлаа. Нэг ажиглагч гурван цаг “суух” хуваарь гаргасан бөгөөд үүнийг ханандаа байршуулсан юм байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 67.12-т “Санал авах байрын багтаамжаас хамаарч бүх ажиглагч санал авах байранд нэгэн зэрэг ажиглалт хийх боломжгүй бол хэсгийн хороо ажиглагчдыг ээлжээр ажиглалт хийх боломжоор хангана” хэмээн заасан байдаг. Үүний дагуу тэднийг ингэж ажиллуулах шаардлагатайг хэсгийн хорооны гишүүн нь хэлсэн. 08.00 цаг гэхэд тус хэсгийн хорооны сонгогчдын 83 нь буюу 4.2 хувь нь саналаа өгсөн байв. Харин үүдэнд нь 40 гаруй хүн дараалал үүсгэжээ. Тэнд дөрвөн бүхээг, хоёр “хар машин” байрлуулсан байв. Иргэд амны хаалт зүүж ирсэн бөгөөд нэг удаагийн бээлийг хэсгийн хорооны үүдэн дэх ажилтан сонгогчдод тарааж буй харагдав.
14 дүгээр хэсгийн хорооны тухайд танхим, иргэний хувийн мэдээллийг харуулдаг дэлгэц нь том хэмжээтэй, иргэд нь хоорондын зайгаа сайн баримталж байлаа. Баянзүрх дүүргийн III хорооны иргэн Б.Эзэнмөнх “Би 8.30 цагаас ажилтай, оройтож тардаг учир үүнээс өмнө сонгуульдаа оролцох ёстой. Ирээд 20 орчим минут өнгөрлөө. Энэ жил сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулалт сайн эхэлж байна. Хорооны үүдэнд олон сандал байрлуулахгүй бол жирэмсэн, өндөр настай иргэдэд хүндрэлтэй байна” гэв. Дээрх хэсгийн хорооны байрын хананд тус тойрогт нэр дэвшсэн хүмүүсийн нэр, санал өгөхдөө анхаарах зүйл, коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж зэргийг байршуулжээ.
09.40 цаг. Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойргийн 60 дугаар хэсгийн хороонд 2093 сонгогч саналаа өгөх ёстой аж. Хэсгийн хорооны нэг ажилтан иргэдийг угтан, газарчилж байлаа. Санал авах байр 250 дугаар цэцэрлэгийн хоёрдугаар давхарт байрласан бөгөөд шатан дээр зогссон хоёр ажилтны нэг нь хүмүүсийн халууныг хэмжиж, нөгөөх нь амны хаалт тараах аж. Мөн иргэд хоорондоо 1.5 орчим метр зай барих тэмдэг, тэмдэглэгээ хийж, “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийг мөрдөхийг сануулжээ. Бас цагдаагийн нэг алба хаагч иргэдэд зай барихыг анхааруулж байв.
60 дугаар хэсгийн хороонд Хан-Уул дүүргийн XXI хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын оршин суугчид голдуу санал өгөх ёстой. Хэсгийн хорооны ахлагчийн мэдээлснээр, сонгогчдын ирц 09.40 цагт 5.93 хувьтай байлаа. Тэрбээр “07.00 цагт иргэдийн санал авч эхэлснээс хойш ямар нэгэн гомдол гараагүй. Иргэд “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн мөрдөж байна. Өвчтэй, сэжигтэй тохиолдол илрээгүй. Манай хэсгийн хороонд 11 ажилтан, алба хаагч ажиллаж байгаа” хэмээв. Тус хорооныхон хэвтрийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй 17 хүний саналыг уржигдар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авчээ.
Зарим хэсгийн хорооны үүдэнд иргэд өчигдөр дугаарлаж, нэлээд урт дараалал үүсгэв. Харин 60 дугаар хэсгийн хороонд харьцангуй сийрэг байлаа. Санал авах байранд 10 гаруй хүн, үүдэнд нь хоёр иргэн дугаарлан зогсжээ. Сонгогчид хэр идэвхтэй байгааг ажилтнуудаас лавлахад “Хэт олон хүн нэг дор бөөгнөрч, дараалал үүсгээгүй боловч хөл тасрахгүй байна” гэв. Тэд бас залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож буйг онцоллоо. 29 дүгээр тойрог гурван мандаттай тул сонгогчид энэ тооны нэр дэвшигчид санал өгөх ёстой. Иргэд “Зохион байгуулалт сайтай сонгууль болж байна. Халдвар, хамгааллын дэглэмийг сайн сахилаа”, “Саналын хуудсанд олон хүний нэр байхыг хараад бага зэрэг самгардсан”, “Аль нэр дэвшигчид санал өгөхөө хэдийн шийдчихсэн байсан учраас нэг их удсангүй, 10 гаруй минутад л “ажлаа” амжууллаа” гэж ярив.
Ширүүн бороо орсон ч иргэд санал өгөхөөр хүлээсээр
10.40 цаг. Сүхбаатар дүүргийн 24 дүгээр тойргийн санал авах 39 дүгээр хэсгийн хороо 71 дүгээр лаборатори сургуульд байрласан юм. Тус хэсгийн хороонд 2152 иргэн бүртгэлтэйгээс 13.8 хувь буюу 269 нь иргэнийхээ үүргийг биелүүлсэн байв. Хэсгийн хорооны ахлагч Д.Даваасүрэнгээс санал авах ажиллагааны явцын талаар тодруулахад “Бид 06.45 цагт хэсгийн ажиглагчдадаа ерөнхий мэдээлэл, танилцуулга хийж, санал авах хайрцгийн битүүмжлэлийг хянуулаад, 07.00 цагаас бүртгэлийн машиныг ажиллуулж эхэлсэн. Юуны түрүүнд зөөврийн хайрцгаар авсан саналын хуудсуудыг уншуулж, дараа нь иргэдээ оруулсан. Санал авч эхэлснээс хойш дөрвөн цаг болоход ирц 13 хувьд хүрсэн нь хангалтгүй үзүүлэлт. Гэхдээ залуучууд урьд урьдынхаас идэвхтэй байгаа нь сайшаалтай. Ахмадууд ч дутахгүй байна. Харин дунд насныхан хойрго байна” гэв.
Санал авах байрын ойр орчимд хөл хөдөлгөөн бага байлаа. 18 дугаар хорооны иргэн Б.Цэндхүү “Уг нь өглөө эртхэн санал өгнө гэж төлөвлөсөн ч хүүхдүүд маань дөхүүлж өгнө гэсээр удчихлаа. Иргэдийг гудамж, гудамжаар нь гурван өөр газарт хуваарилан оруулж байгааг мэдэхгүй бас цаг алдсан. Залуучууд шуурхай, сайхан зохион байгуулж байна” хэмээн ярьсан бол Г.Отгонбаяр “Би анх удаа сонгууль өгч байна. Нэр дэвшигчдийн нэрийн өмнөх хэсгийг будахдаа илүү гаргачих вий гэж их хичээлээ. Бусдаар хүндрэлтэй зүйл байсангүй. Санал авах байр луу орохдоо утсаа унтраах ёстойг мэдлээ” гэж ярилаа.
“Ковид-19”-тэй холбогдуулан санал авах ажиллагааг тусгай журмын дагуу зохион байгуулж буй. 39 дүгээр хэсгийн хороонд иргэдийг 1.5-2 метрийн зайтай зогсоож, бүртгүүлэх үед гарыг нь ариутгуулж, амны хаалт, бээлий өгч байлаа. Эрүүл ахуйн мэргэжилтэн “Иргэд заавар, зөвлөгөөг маш сайн мөрдөж байна” гэж онцолсон. Харин ажиглагч нар “Зарим иргэн нэр дэвшигчдийн мэдээлэлтэй урьдчилж танилцан, судлаагүйгээс цаг алдаж, бусдадаа чирэгдэл учруулж байна” гэсэн юм.
11.00 цаг. Баянгол дүүргийн 26 дугаар тойргийн 76 дугаар хэсгийн хороо. 07.00 цагт санал авах байрын үүдэнд 40 орчим хүн дугаарласан байв. Тэдний дунд 87 настай, тус хэсгийн хорооны хамгийн ахмад сонгогч саналаа өгөхөөр иржээ. Өглөөгүүр голдуу настнууд саналаа өгдөг, залуус сонгуульд хойрго ханддаг гэсэн нийтлэг ойлголт энэ удаад өөрчлөгдсөн байна. Тодруулбал, дээрх санал авах байрын гадна 07.00-11.00 цаг хүртэл залуус олноор дугаарлаж харагдсан. Хэсгийн хорооны ахлагч Т.Мөнгөнтулгаас санал хураалтын явцын мэдээллийг тодруулахад “Манай хэсгийн хороонд 1999 хүн санал өгөх ёстой. 11.00 цагийн байдлаар нийт сонгогчийн 20.67 хувь нь буюу 375 хүн санал өгчээ. Өөрөөр хэлбэл, санал хураалт эхлээд дөрвөн цаг болоход ирц 20 хувьд хүрнэ гэдэг нь сонгогчид идэвхтэй байгаагийн илрэл. Энэ эрчээрээ явбал манай хороо ирцээ зохих түвшинд бүрдүүлж чадна. Санал хураах байранд цагдаа, эрүүл мэнд, онцгой байдал, боловсролын салбарын долоон мэргэжилтэн ажиглалт, хяналт тавьж байна. Иргэд сонгуульдаа идэвхтэй байгаа ч зарим нь 1.5-2 метрийн зай барих зөвлөмжийг дагахгүй, мэргэжлийнхний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй зэрэг зөрчил мэр сэр гаргасан. Манай хороонд зөөврийн хайрцгаар санал өгөх хүн байгаагүй. Одоогоор санал өгсөн иргэдийн 50 орчим хувийг 26-40 насныхан эзэлжээ. Энэ удаагийн сонгуульд залуус идэвхтэй байна” гэсэн юм.
12.10 цаг. Чингэлтэй дүүрэг, 25 дугаар тойргийн 16 дугаар хэсгийн санал авах байр буюу IX хорооны иргэний танхим. 40 гаруй хүн дараалан жагссаны дотор нас насныхан байх аж. Гэхдээ өндөр настнууд эртлэн ирж, саналаа өгснийг тус хэсгийн ахлагч хэлсэн. Дарааллыг уртасган, сүүлд ирж байгаа сонгогчид “Ямар олон хүн бэ” гэж шогшрох ч “Дөрвөн жилд нэг удаа л юм чинь дугаарлана аа” гээд төвөгшөөсөнгүй. Мөн өндөр настай хүмүүсийг шууд оруулж байлаа. Харин гадна байгаа нөхөд хоорондоо 1.5 метрээс доошгүй зогссон нь юу л бол. Хоорондын зайгаа барьж, хол хол зогсохыг цагдаа бүсгүй хэдэнтээ анхааруулсан ч “наалдсан” хэвээр. Харин зарим нь буруу газарт ирж, баахан цаг алдсандаа жаахан бухимдах янзтай. Уг нь тэр хавийн айлын хашаанууд дээр тус байранд аль аль гудамжныхан саналаа өгөхийг дурайтал биччихсэн байсан юм сан.
Ийнхүү 30 минутын дараа гэхэд миний бие хурууны хээгээ уншуулаад зогсож байлаа. Биеийн халуунаа хэмжүүлж, гараа ариутган, бээлий өмсөж, саналын хуудсаа “хар машин”-д уншуулаад гарах хүртэл 10 минут зарцуулсан байна лээ. Тэнд санал өгөхөөр бэлтгэсэн гурван ширээ, сандал, хоёр “хар машин” тавьжээ. Тус хэсгийн хорооны ахлагчийн хэлснээр, тэнд 2537 сонгогч санал өгөх ёстой бөгөөд 12.00 цагийн байдлаар ирц 22 хувьтай байлаа. Иргэд идэвхтэй байгаа учраас ачаалал ихтэйг эс тооцвол асуудалгүй, элдэв зөрчилгүй гэв. Мөн улс төрийн нам, эвсэл, бие даагчдыг төлөөлөн 22 ажиглагчийг гурав гурваар нь хоёр цаг тутамд ээлжлэн ажиллуулж буйг хэллээ. Харин төрийн бус байгууллагаас ажиглагч байсангүй.
16.00 цаг. Чингэлтэй дүүргийн 25 дугаар тойргийн нэгдүгээр хэсгийн хорооны санал авах байр (нийслэлийн 24 дүгээр сургуулийн спорт танхим). Энэ үеэр бороо орсон тул үүдэнд урт дараалал үүсгэсэн иргэдийг сургууль дотор оруулж, жагсаасан байв. Тус хэсгийн хорооны дарга Д.Мөнх-Амгалан “07.00 цагаас эхлэн иргэд тасралтгүй ирж, саналаа өгч байна. Одоогоор ямар нэг зөрчил гараагүй, ирц 53.3 хувьтай. 1259 иргэн сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байгаа. Үүнээс 18-25 насны 118, 26-40 насны 394, 41-55 насны 341, 56-аас дээш насны 407 иргэн саналаа өгөөд байна” гэв. Тус хэсгийн хороонд иргэний нийгмийн байгууллагаас “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын гишүүн ажиглагчаар оролцож буй аж. Тэрбээр ажиглалтын тайлангаа төрийн бус байгууллага руугаа тогтмол явуулж буй бөгөөд нэгдсэн байдлаар мэдээлнэ гээд яриа өгсөнгүй.
16.30 цаг. Чингэлтэй дүүргийн 25 дугаар тойргийн тавдугаар хэсгийн хорооны иргэд нь (ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, спорт хорооны танхим) 58.93 хувийн ирцтэйгээр саналаа өгчээ. Энэ талаар тус хэсгийн хорооны дарга Д.Анхбаяр “1712 хүнээс 1024 нь саналаа өглөө. 18-25 насны 128, 26-40 насны 321, 41-55 насны 296, 56-аас дээш насны 279 иргэн сонгуульдаа оролцсон. Манай хэсгийн хорооны хувьд 26-40 насныхан дийлэнх хувийг эзэлдэг. Таван нам, эвсэл, дөрвөн бие даагчийн төлөөлөл болох есөн хүн ажиглагч хийж байна. Иргэний нийгмийн байгууллагын ажиглагч байхгүй. Саналын хуудсаа буруу бөглөсөн гурван тохиолдол гарсан. Зөөврийн хайрцгаар 15 иргэнээс санал авч, хамгийн эхэнд хуудсыг нь уншууллаа. Харьяа, санал өгөх байраа андуурч ирсэн тохиолдол гараагүй” гэв.
Нам, эвслийн ажиглагчид “Энэ жилийн сонгууль зохион байгуулалт сайтай, залуус идэвхтэй оролцсоноороо онцлог байна. Бид хоёрдугаар ээлжийнх. Ажиглалт хийсэн нэг цаг гаруйн хугацаанд ямар нэг зөрчил, гомдол гарсангүй. 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр хэсгийн хорооныхон ажиллаж байгаа. Эрүүл мэндийн ажилтан, онцгой байдал, замын цагдаа нар зохион байгуулалт сайтай байна” гэсэн юм.
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” төрийн бус байгууллагынхан нийслэлийн 99, орон нутгийн 13 хэсгийн хороонд 200 ажиглагч ажиллуулж буй юм. Энэ талаар “2020 оны сонгуулийн иргэний нийгмийн ажиглагч” төслийн зохицуулагч Т.Энхжаргал УИХ-ын сонгуулийн санал авах байрууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудын зорчих, санал өгөхөд тохиромжгүй байсныг өчигдөр хэлсэн.
21.00 цаг. Сүхбаатар дүүргийн 24 дүгээр тойргийн 39 дүгээр хэсгийн хорооныхны ирц 48 хувьтай, ямар нэг зөрчил гараагүйг дарга Д.Даваасайхан нь онцлов. Харин дээр дурдсан, хэсгийн бусад хорооны саналын ирц 75 хувиас дээш гарч, ямар нэг зөрчил илрээгүйг дарга нар нь танилцууллаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн 15 дугаар хэсгийн хорооны иргэд 77.8 хувийн ирцтэйгээр сонгуульдаа оролцжээ. Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойргийн 60 дугаар хэсгийн хорооныхон 76.63 бол Баянгол дүүргийн 26 дугаар тойргийн 76 дугаар хэсгийн хорооны иргэд 76, Чингэлтэй дүүрэг, 25 дугаар тойргийн нэгдүгээр хэсгийн хорооны сонгогчид 75.3 хувийн ирцтэй саналаа өгсөн байлаа.
Х.БАТТУЛГА: 76 ГИШҮҮНЭЭ МАШ САЙН СУДАЛЖ СОНГООРОЙ
Үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар саналаа өгөхдөө нийт сонгогчийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалдаг уламжлалтай. Энэ удаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нийслэлийн 48 дугаар сургуульд байрлах хэсгийн хороонд ирж саналаа өгсөн. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх 11.40 цагт саналаа өгөхдөө “Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-аа байгуулж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ өнөөдөр (өчигдөр) эдэлж байна. Дэлхий нийтэд цар тахал дэгдэж, хүмүүсийн амьдрал хүнд байгаа ч улс орнууд сонгуулиа амжилттай зохион байгуулж байгаа. Бид ч хуулийн хүрээнд сонгуулиа цаг хугацаанд нь зохион байгуулж, Үндсэн хуулиар олгосон ард иргэдийнхээ эрхийг эдлүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Иргэд идэвхтэй байж, сонгуулийн ирц өмнөх жилүүдийнхээс илүү байгааг хэсгийн хорооныхон хэлж байна. Энэ удаагийн сонгуульд шинэ мянганы буюу 2000 оноос хойш төрсөн залуус саналаа өгнө. Монголын ард түмэн шударга нийгэмд амьдрахыг хүсэж байгаа. Энэ бол шударга нийгмээ байгуулах үргэлжлэл. УИХ-д оролцож буй нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдэд амжилт хүсье. Шударга өрсөлдсөн, төр улсаа эмхэлсэн сонгууль болно гэдэгт итгэж байна” гэлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга 17.00 цагт саналаа өгөв. Тэрбээр үдээс хойш, оройхон саналаа өгсөн нь ирцийн мэдээг харж, залуучуудаа уриалах зорилготой байсныг тайлбарлана лээ. Төрийн тэргүүн “Бид эд зүйл худалдан авахдаа хугацаа нь хэзээ дуусах вэ, гарал үүсэл нь хаанахынх вэ гэхчлэн маш сайн судалдаг. УИХ-ыг “бага ард түмэн” гэдэг. Тиймээс 76 гишүүнээ бараа сонгодгоосоо илүү судалж сонгоорой. Санал худалдан авч буй зөрчил олон тойрогт гарч байгаа талаар яригдаж байна. Ийм зөрчлийн талаар өмнө нь ч ярьж байсан. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүс цөөнгүй орж ирдэг. Ийм бизнес эрхэлдэг хүмүүс их хэмжээний мөнгөөр санал худалдан авах явдал сүүлийн сонгуулиудаар ажиглагдсан” гээд сонгогчид, тэр дундаа залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалав. Мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотойгоор цаг үеийн зарим зүйлийг сэтгүүлчид Төрийн тэргүүнээс тодруулсан юм. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Г.Амартүвшинг Монгол Улсын харьяатаас гаргах тухай зарлигийг өмнөх Ерөнхийлөгч гаргаж байсан талаар мэдээлэлтэй, эсэхийг тодруулахад, холбогдох байгууллага нь хариулах ёстойг хэлж байлаа. Түүнчлэн кампанит ажлын үеэр зарим нэр дэвшигчийг цагдан хорьсон нь шүүхийн шударга бус шийдвэртэй холбоотой гэж тайлбарлаж байгаа тухайд байр суурийг нь сонирхоход “Ажиглаад байвал бүр өмнө 2012, 2013 оноос эхлэлтэй хэргүүдэд холбогдсон хүмүүс байна лээ” гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар нэр дэвшсэн тойрог буюу Баянхонгор аймагт саналаа өгсөн. Тэрбээр гэргий Г.Отгонгэрэлийн хамт санал хураалтын байранд ирсэн бөгөөд “Дэлхий нийтээр тогтоогоод буй онцгой дэглэмтэй үед Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох гэж байна. Нийт сонгогч маань Улсын онцгой комиссоос хэрэгжүүлж байгаа арга хэмжээг биелүүлж, дэг журамтайгаар саналаа өгч байна” гээд зөв, шударга сонгуулийн төлөө нэгдэн, хуулиа чанд сахиж, идэвхтэй оролцохыг уриалав.
17.00 цагийн байдлаар ирцийн дүнг СЕХ-ноос танилцууллааАЯНГЫН УЛМААС САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ ШАТЖЭЭ
Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын үйл явц, ирцийн талаарх мэдээллийг 12.00, 17.00 цагийн байдлаар болон эцсийн дүнг урьдчилан танилцуулж ажиллалаа (Ирцийн мэдээллийг хүснэгтээс үзнэ үү). Эдгээр мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, гишүүн Б.Баасандорж (Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга), Д.Баяндүүрэн, Ажлын албаны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат нар өгсөн. 12.00 цагийн байдлаар хамгийн өндөр ирцтэй нь Говь-Алтай (34.1 хувь), бага нь Баян-Өлгий (18.4 хувь) аймаг байсан ч Баянгол дүүрэгт 35.3 мянган сонгогч саналаа өгсөн нь хамгийн олонд тооцогдох юм. Улсын хэмжээнд 12.00 цагийн байдлаар ирц 25.1 хувьтай байсан бөгөөд 2016 онд дээрх хугацаанд 23.4 байжээ. Харин 17.00 цаг гэхэд 65 хувийн ирцтэйгээр Сүхбаатар аймаг тэргүүлж эхэлсэн бол Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойргийн үзүүлэлт 39 хувьтай байлаа. Мөн хамгийн олон буюу 135 мянга гаруй сонгогчтой Баянгол дүүргийнхэн өндөр идэвхтэй хэвээр, 73.4 мянган хүн (54.4 хувь) саналаа өглөө.
Энэ үеэр Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нэг ч нэр дэвшигчийг жагсаалтаас хасаагүйг тодотгосон. Мөн Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн дуудлага, гомдлын дийлэнх нь хаана саналаа өгөхөө мэдэхгүй сонгогч хаяг, байршил тодруулсан мэдээлэл байжээ. Цөөн хэд нь сонгуулийн хэсгийн хорооны үйл ажиллагаатай холбоотой дуудлага аж.
Мөн аянга, цахилгаатай борооны улмаас санал авах байруудад төхөөрөмж шатаж, эвдэрчээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Мөрөн сумд нэг байр үерт автсан бол Увс аймгийн Баруунтуруун, Өндөрхангай, Зүүнхангай сумд аянга буусны улмаас “хар машин” шатсан байна. Тэдгээрийг Сонгуулийн ерөнхий хорооны инженер, техникийн ажилтнууд зассаныг удирдлага нь хэлсэн. Түүнчлэн Сэлэнгэ аймагт аянгын улмаас санал тоолох хоёр төхөөрөмж шатсаныг хэвийн ажиллуулсан гэв.
Бэлтгэсэн: Б.Номин, Ч.Мөнхзул, О.Бат-Ундрах, Ж.Сувдмаа, Э.Харцага, Б.Уянга, Ж.Цогтбаяр