УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байдаг. Коронавирусээс сэргийлэх журмыг мөрдүүлж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр 13 нам, дөрвөн эвсэл, 606 нэр дэвшигчийн тайланг хүлээн авах нь хүндрэлтэй байгаа тул хугацааг нь хоёр өдрөөр сунгажээ. Уг нь Үндэсний аудитын газраас 22-ны 17.30 цаг хүртэл явцын тайлангаа ирүүлэх боломжтой гэж мэдэгдэж байсан юм. Энэ сарын 23-ны 14.00 цагийн байдлаар нэр дэвшигчдийн 25 хувь буюу 153 хүн тайлангаа ирүүлснийг “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагынхан өчигдөр танилцууллаа. Тус байгууллага сонгуулийн санхүүжилтэд мониторинг хийж буй.
Зөрчлийн тухай хуулийн 17.1.25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянга, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.
Бэлтгэсэн:Б.Нархан