Шинэ коронавирусээр 216 улс, бүс нутагт өчигдөр 9.1 сая хүн өвчилсөн байв. ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурлаар тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус “Ковид-19” хүрээгээ улам тэлж буйг онцолж, улс бүр коронавирусийн тархалтын нөхцөл байдалд нийцүүлэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авах ёстойг анхааруулжээ. Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудад халдварын тархалт эрчтэй байгааг танилцуулаад, ялангуяа АНУ-д залуус олноор өвчилж буй нь санаа зовох асуудал гэдгийг онцолсон байна. 2.3 сая хүн “Ковид-19”-өөр өвчилсөн үзүүлэлтээр тус улс дэлхийд нэгдүгээрт жагсаж байгаа юм. Нью-Йорк, Вашингтон хотод халдвар авсан болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо буурч эхэлсэн тул хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар цуцлах болжээ. Харин Калифорни, Флорида, Аризона, Техас зэрэг АНУ-ын баруун болон өмнөд хэсгийн 29 муж улсад халдвар авсан хүний тоо энэ сарын 19-нөөс хойш тогтмол өссөн аж. Дараагийн байрт бичигдсэн Бразил, ОХУ, Энэтхэгт мөн халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байгаа аж.
Номхон далайн баруун бүсийн орнуудаас БНСУ-д уржигдар халдварын шинэ голомт илэрчээ. Бусаны боомтод зогссон, 21 хүний бүрэлдэхүүнтэй ОХУ-ын хөлөг онгоцны ажилчдын олонх нь коронавирусээр өвчилжээ. Тэдний ойрын хавьтал буюу онгоцны ажилчидтай Бусаны боомт дээр уулзсан, ойр орчимд нь байсан зэрэг 160 гаруй хүнийг хайж буй юм байна. Түүнчлэн сүүлийн сард БНСУ-д гадаадаас, ялангуяа Пакистан, Бангладеш улсаас ирсэн зорчигчдын дундаас халдвар олноор илрэх болжээ. Тиймээс дээр дурдсан хоёр улсаас ирэх зорчигчдын хил нэвтрэх визийг цуцалж, нислэгийн тоог цөөрүүлжээ.
БНХАУ-д энэ сарын 11-нд илэрсэн, “Шинфади” хүнсний захад үүссэн голомтоос халдвар авсан хүний тоо өчигдөр 249 болжээ. Энэ нь өмнөх өдрийнхөөсөө 13-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн тус улсын засаг захиргааны тусгай бүс Хонконгод аялж явсан 30 хүнээс коронавирус илэрсэн байна.
Бэлтгэсэн: М.Оч