Эрүүл мэндийн шалтгаантай, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж буй, зөрчлийн улмаас, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан сонгогчдын саналыг өчигдөр орон даяар авч дууслаа. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу хэсгийн хорооныхон нь дээрх шалтгаантай иргэдийн хүсэлт, эмнэлгийн магадлал, холбогдох байгууллагын тодорхойлолтын дагуу тухайн газарт нь очиж, саналыг нь аван, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар байрандаа авчирсан юм. Улсын хэмжээнд 2070 хэсгийн хороо ажиллаж буй бөгөөд хэчнээн хүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах тоо өчигдөр оройны байдлаар гараагүй, өнөөдөр танилцуулахыг СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа хэлсэн. Өнгөрсөн сонгуулиар 4200 орчим иргэн ийм хэлбэрээр саналаа өгсөн юм.
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах тухай журмыг СЕХ-ноос өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан. Мөн 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавирусийн халдвараас сэргийлэх журмыг УИХ-аас батлан, мөрдөж буй юм. Уг журам, УОК, ЭМЯ-ны зөвлөмжийг зөөврийн хайрцгаар санал авах үед хэрхэн баримталж, энэ үйл явц хуулийн дагуу явагдаж буй, эсэхийг Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн 15 дугаар хэсгийн хороо (нийслэлийн 33 дугаар сургуулийн заал)-ноос сурвалжиллаа. Баянзүрх дүүргийн хувьд 100 хэсгийн хороотой, үүний 98-д нь 613 иргэн зөөврийн 125 хайрцгаар саналаа өгчээ. Нэг хэсгийн хорооныхон дунджаар 2-20 хүнээс саналыг нь очиж авсан байна.
08.30 цаг. 15 дугаар хэсгийн хорооны дарга Н.Энхбатаар ахлуулсан найман гишүүн, дөрвөн ажиглагч, хамгаалалтын гурван ажилтан байлцан зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагааны бэлтгэлийг эхлүүлэв. Ийм хайрцгаар санал өгөх хүсэлтээ 19 иргэн гурав хоногийн өмнө хэсгийн хороондоо ирүүлжээ. Тодруулбал, Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах тухай журмын 2.1.1-т “Сонгогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол тухайн байгууллагын захиргаанд, бусад тохиолдолд санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө өөрийн харьяа хэсгийн хороонд ийм хайрцгаар санал өгөх хүсэлтээ хүргүүлэх ёстой аж. Тэдгээр иргэн эрүүл мэндийн шалтгаантай юм байна. Саналыг нь очиж авахаа иргэдэд өмнөх өдөр нь дуулгасан бөгөөд хаяг, холбогдох утасны дугаар зэрэг шаардлагатай мэдээллийг нь нэгтгэсэн аж. Зөөврийн битүүмжилсэн хайрцгийг лацдсаны дараа тус хайрцагт санал өгөх хүмүүсийн тоо, очих авах хуваарь, чиглэл, лацны дугаар зэргийг тэмдэглэж, хэсгийн хорооны гишүүд, ажиглагчид гарын үсэг зурцгаав. Мөн саналын хуудас, дугтуй, бүхээг зэргийг 09.00 цаг гэхэд бэлтгэж дууслаа. Нам, эвслийн ажиглагч нарт иргэдийн хувийн мэдээллийг өгөхгүйг хэсгийн хорооныхон хэлж, зөвхөн овог, нэр бүхий цаасыг л хэвлэж тараасан юм. Санал өгөх иргэдийг байршлаар нь тав, арвандөрвөөр нь хувааж, хол, ойрын гэсэн хоёр чиглэлээр зорчихоор болжээ. Нэг чиглэлд нь иргэний бүртгэлийн ажилтан, цагдаа, ажиглагч тус бүр нэг, хэсгийн хорооны хоёр гишүүн явахаар хуваарилсан бөгөөд бид холынхыг нь дагасан юм. Дээрх журамд зааснаар хэрэв сонгогч өөрийн хүсэлтдээ дурдсан хаягтаа байхгүй бол саналыг нь авахгүй.
09.30 цаг. Баянзүрх дүүргийн XXVI хороо, “Truel” хотхонд оршин суугч 91 настай иргэнийд ирэв. “Коронавирусийн халдвар тархаж болзошгүй, өндөр настай, дархлаа султай хүний гэрт олон хүн оруулмааргүй байна” гэж гэр бүлийнхэн нь хүссэн учир хэсгийн хорооны гишүүн Н.Түмэнтогтох, иргэний бүртгэлийн ажилтан Б.Цэндсүрэн, ажиглагч Б.Атарцэцэг нар орлоо. Тэд СЕХ-ноос дөрөвдүгээр сард баталсан Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах журмын дагуу амны хаалт зүүж, нэг удаагийн бээлий, улавч өмсөн, гараа ариутгасан юм. Сонгогч бүхээгийн ард сууж, саналын хуудсаа өөрөө бөглөн, дугтуйлж, зөөврийн хайрцаг руу хийсэн бөгөөд сонгогчийн бүртгэл дэх мэдээллийг иргэний үнэмлэхтэй нь тулгаж, саналыг нь өгүүлсэн тухай гишүүд нь гарч ирэхдээ танилцуулав. Энэ сонгогчоос санал авахад ойролцоогоор таван минут зарцуулжээ. Дээрх журмын онцлох хэсэг, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалттай хуудсыг тус хайрцагны хананд байршуулсан харагдсан.
10.40 цаг. Дараагийн сонгогч болох Баянзүрх дүүргийн I хороо “Голден вилла” хотхонд хүрэлцэн ирлээ. Замын түгжрэлтэй байснаас, мөн тухайн иргэний оршин сууж буй хотхон, орц, байрны тоотыг нь олоход багагүй хугацаа зарцуулав. Хэсгийн хорооны гишүүн “УИХ-ын 23 дугаар тойргийн 15 дугаар хэсгийн хорооноос таны саналыг авахаар ирлээ” хэмээж, өөрсдийгөө танилцуулав. Үүний дараа иргэний бүртгэлийн мэдээлэлтэй нь сонгогчийн иргэний үнэмлэхийг тулгаж, тус дүүргийн 23 дугаар тойрог нь гурван мандаттай учир мөн тооны нэр дэвшигчийг дугуйлахыг анхааруулав. Ажиглагч, цагдаагийн ажилтан нь үүдний хэсэгт зогсон, холоос харах бөгөөд сонгогч хэсгийн хорооны гишүүдийн эсрэг талд, бүхээгийн цаана суун, саналын хуудсаа бөглөлөө. Үүний дараа дугтуйнд нь хийж, зөөврийн битүүмжилсэн хайрцагт “шургуулав”. Тухайн иргэн саналыг нь ирж авсанд баяртай байгаагаа мөн илэрхийлсэн юм.
12.30 цаг. Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэр, Санзайд (Улаанбаатар хотын төвөөс 20 гаруй км) хэсгийн хорооны баг очив. Тус хэсгийн хороонд харьяалагддаг өндөр настай хоёр иргэн тэнд түр оршин сууж буй аж. Нөхөр нь хараа муутай учир эхнэртэйгээ урьдчилан ярьж, хэнд санал өгөхөө хэлсэн гэнэ. Тиймээс эхнэр нь бүхээгийн ард суун саналын хоёр хуудсыг бөглөж, хайрцагт хийлээ. Зөөврийн хайрцгаар саналаа өгсөн иргэн П.Норжоо “Миний хань хараа муутай учир сонгуулийн байранд очиж, саналаа өгөхөд хүндрэлтэй. Би ч гэсэн энэ холоос очиж, саналаа өгөх нь халдвар тархсан одоо цагт өндөр эрсдэлтэй. Тиймээс урьдчилан мэдэгдэж, зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ илэрхийлсэн. Улс эх орон минь улам хөгжөөсэй, ард иргэд нь сайхан амьдраасай, сонгууль шударга, зөв зарчмаар явагдаасай л гэж хүсэж байна. Санал авах үйл ажиллагаа нууцлалтай явагдлаа. Харин саналын хуудсыг бөглөхдөө жижиг дугуй тойргийг дүүргэн будах нь бага зэрэг хүндрэлтэй байлаа. Би нийслэлийн тавдугаар сургуульд 20 гаруй жил бага ангийн багшаар ажилласан. 1992 оноос хойш сонгууль алгасалгүй саналаа өгч ирсэн” хэмээв. Мөн нам, эвсэл, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй нь танилцаж, ажил хийнэ гэж итгэж байгаа хүнийг дэмжсэнээ онцолсон юм. Иргэн Б.Гэндэн “Би намын хороонд ажиллаж, сонгуульдаа ч идэвхтэй оролцож ирсэн. Эх орны хөгжлийн төлөө чин шударгаар ажиллах хүмүүс сонгогдоосой гэж хүсэж байна” гэв.
13.50 цаг. Баянзүрх дүүргийн I хорооны 26 дугаар байрны иргэний саналыг авснаар тус чиглэл дэх дөрвөн гэр бүлийн таван гишүүний саналыг нь авч дууслаа. Сонгогчийн гэр бүлийн гишүүдийн зарим нь саналаа өгөхөд нь тусалсан бол нөгөө хэсэг нь огт ойртохгүй, нууцлалтай байх ёстой гэж байв. Ингээд хэсгийн хороо буюу нийслэлийн 33 дугаар сургуулийн байрандаа зөөврийн битүүмжилсэн хайрцгаа авчирлаа. Нөгөө чиглэлийг хариуцан ажилласан багийнхан 12 өрхөөр орж, 14 сонгогчоос саналыг нь авчээ. Тухайлбал, тус дүүргийн III хорооны долоон байранд оршин сууж буй иргэдийг зорьсон аж. Ингээд хэсгийн хороодын гишүүд тайлангаа бичиж, зөөврийн хайрцгаа битүүмжлэлтэй хэвээр нь үлдээлээ. Түүн доторх саналыг өнөөдөр 07.00 цагт уншуулах юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 64.3-т “Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Энэ ажилд хэсгийн хорооны ес, хоёр нам, гурван эвслийн таван ажиглагч, хамгаалалтын хоёр ажилтан оролцсон бөгөөд холын чиглэлийнхэн 60 орчим км зам туулжээ. Зөөврийн хайрцгаар санал авах ажил өчигдөр 20.00 цагт дуусав.