Өнөөдөр Улаанбаатарт бороотой, өдөртөө 18 градус дулаан байна. Нийслэлд гэлтгүй нийт нутгаар дуу цахилгаантай бороо орох нь. Бороонд норж “эморох” гээгүй л бол сонгогч та сонгуулийн санал өгөх байрыг аль болох эрт зориорой. Гэхдээ энэ нь бороо үдээс хойш, орой орно гэсэн үг биш юм шүү. Ер нь л саналаа эртхэн өгөөсэй гэж хүсэж буй хэрэг. Ингэж хүсэх хэд хэдэн шалтгаан бий.
Юуны түрүүнд, энэ удаа “Сонгуульдаа оролцоорой, залуус аа” гэж бус, “Саналаа эртхэн өгөөрэй” хэмээн уриалж буйдаа баяртай байна. Идэвхгүй, оролцдоггүй хэмээн шүүмжлүүлдэг залуучууд энэ удаагийн сонгуулиас хойш сууж, саналаа харамлахгүй гэдэгт итгэж байгаа.
...Юутай ч “Сонгох хүн алга” гээд саналын хуудсандаа цэг ч хатгалгүй “хар машин” руу хийж давлагаалсан, өнгөрсөн сонгуультай харьцуулбал энэ удаагийнхыг “сонголттой” хэмээн тодорхойлж болохоор байгаа. Сайн, муу үйлдлээрээ танигдсан нэгэн, танилын тань санал болгосон хүн, тав, арван “цаасыг” нь авчихсан гэж сонголт бүү хийгээрэй...
Учир нь сүүлийн 20 гаруй хоногийн турш, сонгуулийн сурталчилгаа, кампанит ажлын үеэр, магадгүй үүнээс ч өмнө залуучууд залуучууддаа, үе тэнгийнхэндээ сонгох эрхээ эдэлж, саналаа өгөхийг урьд урьдынхаас илүүтэй уриалсан. Сонгуульдаа оролцохын чухлыг тэдний түлхүү ашигладаг цахим орчин, нийгмийн сүлжээний платформуудаас авхуулаад залуучуудад нөлөөлж болох бүхий л суваг, арга замыг ашиглан ойлгуулах гэж ажиллаж байна. Үнэндээ тэд сонгууль зохион байгуулах, иргэний сонгох эрхийг хангах үүрэгтэй байгууллага, албан тушаалтнуудаас ч илүү идэвх, зүтгэл, сэтгэл, итгэл гаргаж ажилласан. Тиймээс ч нийгэм, олон нийт, тэр дундаа залуучуудын хандлага, сэтгэлгээ, үг, үйлдэл нь өөрөөр “уншигдаад” байгаа юм. Үр дүн гарна гэдэгт итгэж байна. Өнгөрсөн сонгуулиар 18-25 насны сонгогчдын 50.8, 25-30 насныхны 65.2, харин 60 буюу түүнээс дээш насныхны 97 хувь нь саналаа өгсөн. 18-25 насны (тэдний 46.7 хувь нь 18-21 насныхан) хоёр хүн тутмын нэг нь саналаа өгөөгүй 2016 оны сонгуулийн идэвх, оролцооноос огт өөр өнгө төрх харна гэж найдаж буй хэрэг.
2020 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй хүмүүсийн 42 хувь нь 18-34, 18 хувь нь 55-аас дээш насных. Өөрөөр хэлбэл, энд залуучууд хэмээн онцлоод байгаа хүмүүс нийт сонгогчийн 40 гаруй хувийг эзэлж байна. Үүний хэрээр тэдний оролцоо чухал хэвээр. Харин энэ удаа залуучуудын оролцоо нэмэгдэх хүлээлт бий учраас эрт очиж саналаа өгөөрэй гэж хэлээд байгаа юм. 2016 онд сонгогчдын 47 хувь буюу бараг тал хувь нь 11.00-15.00 цагт саналаа өгсөн байх жишээтэй. Энэ үед цагт дунджаар 134.7 мянган сонгогч саналаа өгсөн гэсэн үг. Тэр дундаа санал хураалтын оргил үе буюу сонгогчдын ид “бужигнадаг” хэсэг нь 13.00 цаг байсан бөгөөд 152.8 мянган хүн саналаа өгчээ. Гэтэл 18.00-20.00 цагт сонгогчдын ирц хамгийн муу буюу цагт дунджаар 62.9 мянган хүн саналаа өгч, хоёр дахин буурсан. 20.00 цагт хамгийн доод түвшинд хүрч, нэг цагт саналаа өгсөн сонгогчийн тоо 60 мянгыг ч даваагүй байх жишээтэй.
Уг нь санал хураалт 07.00-22.00 цагт үргэлжилдэг. Өнгөрсөн сонгуулиар жишээ татаж хэлэхэд сонгогчдын ирц 15 цагийн турш жигд байвал цагт 94.9 мянган хүн саналаа өгсөн гэсэн үг. Гэвч өглөө, үдээс өмнө саналаа өгсөн сонгогчдын дунд ахимаг насныхан, өвөө, эмээ нар жин дардаг нь жишиг болчихсон. Харин 18-30 насны залуучууд 12.00-15.00 цаг буюу “оргил ачаалал”-ын үеэр саналаа өгдгийг өнгөрсөн сонгуулийн талаарх тоо, мэдээллийг нэгтгэсэн статистикийн байгууллагын тайлангаас харж болохоор байна.
Сонгогчдын ирцийн өндөр, өөдрөг хүлээлтээс гадна энэ удаа бид цар тахлын үед сонгуульд оролцож, саналаа өгөх гэж буйгаа заавал харгалзах учиртай. Сонгуулийн кампанит ажил, санал хураалтын үеэр “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор Засгийн газар тогтоол баталж, журамласан. Өөрөөр хэлбэл, санал хураалтын байранд ирсэн сонгогчийн биеийн халууныг нь хэмжиж, гарыг нь ариутгах, тэнд байгаа хүмүүсийн хооронд тодорхой зай барихаас авхуулаад нэг хүнд зарцуулах хугацаа уртсахаар буй. Жишээ нь, сонгогчийг орж ирмэгц гарыг нь ариутгаад, хурууны хээгээ уншуулсных нь дараа гарыг нь дахин ариутган, бээлий өмсгөж байж саналын хуудас олгох гэнэ. Санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхаар журамласан тул өмнөх шиг бөөгнөрөл үүсгэхгүй гэсэн үг. Тиймээс ч нийгмийн зарим төлөөллийн зүгээс нэг сонгогч саналаа өгөхөд дунджаар 7-10 минут зарцуулахаар буйг тооцож, бүх хүн сонгох эрхээ эдэлж чадахгүй нь хэмээн байр сууриа илэрхийлж байгаа. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо сонгогч санал өгөх байранд ирж, халуунаа үзүүлэн, гараа ариутгаад, саналаа өгч гарах хүртэлх хугацааг дунджаар таван минут байхаар урьдчилан тооцож, иргэдийн сонгох эрхэд харшлахгүй гэж үзэж буй. Гэтэл нэг тойрогт хамгийн ихдээ 40 орчим хүн өрсөлдөж байгаа. Энэ удаа олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулж буй учраас өнгөрсөн жилийнх шиг ганцхан хүн сонгоод гарчихгүй. Цар тахлын улмаас баримталж буй эл нарийн дэг журмыг иргэд, сонгогчид “хүнд суртал” мэт хүлээж авалгүй, хүлээцтэй, хариуцлагатай хандаасай хэмээн хүсэж байгаагаа нуух юун.
Түүнчлэн цаг агаарын байдлыг зайлшгүй тооцох учиртай. Гол, ус ихтэй байгаа болон үерийн аюулыг тооцох ёстой. Энэ бүхнийг харгалзан сонгуульдаа оролцож, саналаа заавал өгөөрэй. Харин аль нам, эвслийг дэмжиж, аль нэр дэвшигчийг сонгох нь ардчилсан Монгол Улсын иргэн таны хэнтэй ч хуваалцахгүй дархан эрх юм шүү. Сонгогч таныг хэнд саналаа өгснийг хэнбугай ч мэдэх боломжгүй. Хэрвээ та саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, буруу тэмдэглэсэн бол саналын хуудсаа хураалгаж, дахин нэг удаа аваарай. Харин хуудсанд тэмдэглэсэн саналаа баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгуулах хуультайг анхаараарай. Үүнээс гадна сонгогч санал авах байрнаас саналын хуудас авч гарсан, түүнд зориулалтын бус үзгээр тэмдэглэсэн, аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсвэл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол Зөрчлийн тухай хуулийн 17.1.30 дахь заалтын дагуу арван мянган нэгж буюу 10 сая төгрөгөөр торгохоор хуульчилсан билээ.
Мөн энэ удаагийн сонгуулийг томсгосон буюу олон мандаттай мажоритар тогтолцоогоор явуулж буй учраас таны оршин суугаа тойрог хоёр мандаттай бол хоёр, гурван мандаттай бол гурван нэр дэвшигчийг сонгох ёстой. Хэрэв мандатын тооноос нь илүү, эсвэл дутууг сонговол таны санал хүчингүй гэсэн үг.
Сонгогч та Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага, УИХ-ыг бүрдүүлэх найм дахь удаагийн сонгуулийн санал хураалтдаа идэвхтэй оролцоорой. Өндөр эрсдэлтэй нөхцөлд өч төчнөөн хөрөнгө зарцуулан байж хийж буй сонгуульдаа иргэн бид идэвхтэй оролцох нь засаг, төрийн зохион байгуулалтын ажлаас дутахгүй ач холбогдолтой. Цар тахлын үед болж буйгаараа ч, оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдийн тоогоороо ч ийм сонгууль хийж байгаагүй ээ, бид. Энэ удаа 13 нам, дөрвөн эвсэл өрсөлдөнө. 2000 оны сонгуульд 13 нам, гурван эвсэл оролцсон нь хамгийн олонд тооцогдож байв. 20 жилийн өмнөх уг сонгуульд нийт 602 хүн нэр дэвшсэн нь “дээд амжилт” байсан бол энэ удаа 606 хүн өрсөлдөж байна. Гэхдээ 2020 оны сонгуульд бие даан өрсөлдөх 121 хүн байгаа нь нэр дэвшигчдийн тоог үлэмж нэмэгдүүлж буй. Юутай ч “Сонгох хүн алга” гээд саналын хуудсандаа цэг ч хатгалгүй “хар машин” руу хийж давлагаалсан, өнгөрсөн сонгуультай харьцуулбал энэ удаагийнхыг “сонголттой” хэмээн тодорхойлж болохоор байгаа. Сайн, муу үйлдлээрээ танигдсан нэгэн, танилын тань санал болгосон хүн, тав, арван “цаасыг” нь авчихсан гэж сонголт бүү хийгээрэй. Нам, эвслийн дэвшүүлж буй бодлого, хөтөлбөр ч, сойж буй хүмүүсийг сонжсон гэж найдаж байна.