Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийнхэн олон улсын стандартад нийц -сэн, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлийн нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээг иж бүрэн үзүүлэх Эрүүл мэндийг дэмжих төвийг өчигдөр нээв. Тус төвд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мэдээ, мэдээлэл, сурталчилгаа явуулахаас гадна хувь хүн, хамт олныг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд цогцоор нь хамруулах аж. Засгийн газар, ЭМЯ-наас 2018 оны сүүлчээс улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд иргэд тохилог орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчлүүлэх боломж ийнхүү нэгээр нэмэгдэв.
Эрүүл мэндийг дэмжих төвд амбулаторийн 20 гаруй төрлийн шинжилгээнээс гадна зөвхөн УНТЭ-т хийдэг 11 төрлийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоог мэргэшсэн 20 орчим эмч, мэргэжилтэн давхар хийх гэнэ. Тус төвд суурилуулсан рентген, ЭХО аппарат, зүрх, тархины цахилгаан бичлэгийн монитор зэргийг ЭМЯ-наас нийлүүлсэн бол нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүдээ УНТЭ-ийнхэн өөрсдийн хөрөнгөөр суурилуулжээ. Өдөрт 120-130 хүнд үйлчлэх хүчин чадалтай эл төвийн 17 тасагт иргэд өдөр бүр, ажлын цагаар хандах боломжтой аж. Ингэхдээ харьяаллын болон 21 аймаг, есөн дүүргээс онош тодруулах заалттай иргэдэд даатгалаар тусламж, үйлчилгээ үзүүлэх юм байна.