Ерөнхийлөгчийн зарлигаар Д.Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилжээ. Д.Цогтсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж, Дорноговь аймгийн шүүхэд дадлагажигчаас шүүгч хүртэл алба хашиж, 2006 оноос нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчээр ажилласан байна. Улмаар нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болов.
Тус зөвлөлийнхөнд өчигдөр уг зарлигийг танилцуулах үеэр Д.Цогтсайхан Үндсэн хуульд заасан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэг болон Монгол Улсын шүүх, хэргийн хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр мэдлэг, боловсрол, туршлагаа дайчлан ажиллахаа илэрхийлэв. Тус зөвлөлийн дарга Э.Батбаяр “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа хариуцлагатай үед олон жил шүүгчээр ажилласан, туршлагатай хуульч манай байгууллагад томилогдсонд баяртай байна” гээд шүүгчийг шилж, сонгох болон шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэж итгэж буйгаа хэлжээ.
Бэлтгэсэн: Б.Уран