Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Эрдэнэт үйлдвэр”-т хэрэгжүүлэх төслүүдийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Тус үйлдвэрийн хэмжээнд 2031 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үндсэн бодлого, чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан аж. Үүний хүрээнд “Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх”, “Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн IV шугам тавих”, “Цэвэр ус дамжуулах III шугам Ф820 мм ган хоолойг угсрах” төслийн нээлтийг хийв. Мөн “Уурхайчин-1” буюу орон сууцын хороолол, соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор барих төслийг хэрэгжүүлэх юм байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Уурхайчид бид үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ тогтмол давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр үйлдвэрийн үр ашиг дээшилж, ажлын байр бий болно” гэв. Тус үйлдвэр нь зэс, молибдений олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог бөгөөд жилд 26 сая тонныг үйлдвэрлэдэг юм. 2022 оноос хойш жилд 35 сая тонн хүдэр боловсруулах зорилт дэвшүүлжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Эрдэнэт үйлдвэр” хэдий үр өгөөжтэй ашигтай ажиллана, улс, орон нутгийн төсөвт төдийчинээ түлхэц болно. Эдгээр томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, зардлаа бууруулснаар дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай, бүтээмжтэй, үр ашигтай ажиллана гэдэгт итгэлтэй байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид, баяжуулагчид та бүхний ажил үйлс тэгш сайхан бүтэж, Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд түгээж, уул уурхайн салбараа хөгжүүлдэгт талархлаа илэрхийлье” хэмээв.