УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байдаг. Энэ сарын 21-ний 19.00 цагийн байдлаар гурван нам, нэг эвсэл, 20 нэр дэвшигч зардлын тайлангаа Үндэсний аудитын газарт ирүүлжээ. Харин 00.00 цагаас өмнө нэмж 24 нэр дэвшигч хандив болон зардлын явцын тайлангаа хүргүүлснийг тус газраас мэдээлэв. Гэхдээ энэ сарын 21 амралтын өдөр байсантай холбогдуулан нэг өдрөөр сунгаж, өчигдрийн дотор тайланг хүлээн авах болжээ. Үндэсний аудитын газрын үүдэнд тайлангаа хэвлэж өгөхөөр урт дараалал үүсгэсэн бөгөөд хэчнээн нь хугацаандаа амжиж ирүүлсэн тоог өгсөнгүй. 14.00 цагийн байдлаар дөрвөн нам, хоёр эвсэл, 54 нэр дэвшигч хандив болон сонгуулийн зардлын явцын тайлангаа ирүүлсэн юм.
Зөрчлийн тухай хуулийн 17.1.25- д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянга, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.
Нам, эвсэл, нэр дэвшигчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, шударгаар өрсөлдөх нь сонгуулийн нэг зарчим бөгөөд үүнийг хангахад кампанит ажлын санхүүжилт ил тод байх ёстойг иргэний нийгмийн байгууллагууд хэлсэн. Ташрамд дурдахад, ирэх сарын 24-нд бие даагчид, наймдугаар сарын 8-нд нам, эвсэл зардлын эцсийн тайлангаа төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх заалттай.
ЦАХИМ ХАЯГТАА ЗАРДЛЫН ТАЙЛАНГАА БАЙРШУУЛЖЭЭ
УИХ-ын сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтэд “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллага хяналт тавьж байгаа. Тус байгууллагынхан 21-ний өдрийн 12.00 цагт “Үндэсний аудитын газрын https://www.audit.mn/ болон нам, эвслийн цахим хуудсыг шалгахад зардлын явцын тайлангаа байршуулаагүй байна” хэмээн мэдэгдэж, сонгуульд өрсөлдөгчдөд хуулиа дагаж, мөрдөхийг уриалсан юм. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын ажилтнууд 606 нэр дэвшигчийн цахим хаягийг давхар шалгаж, 50 орчим нь явцын тайлангаа олон нийтэд танилцуулсныг мэдээллээ.
“АЖИГЛАГЧААР ОРОЛЦОХ БОЛОМЖ ОЛГОХГҮЙ БАЙНА”
Сонгуулийн үйл явцыг бүрэн ажиглах боломж олгохгүй байгаа талаар Нээлттэй нийгэм форумаас мэдээлэл өглөө. Тус форумын дэргэдэх “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ” төрийн бус байгууллага нь 2012 оноос хойш сонгуулийн үйл ажиллагаанд ажиглагчаар оролцсон юм. Энэ удаагийн сонгуульд тэдний 200 нь 100 хэсгийн хороонд ажиллахаар өргөдөл өгчээ. Гэвч хэсгийн хороодын 30 орчим нь нам, эвслийн ажиглагчидтай ээлжээр буюу богино цагаар ажиллуулна гэж мэдэгдсэн байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор олон улсын ажиглагчид энэ удаагийн сонгуульд оролцохгүй учир иргэний нийгмийн байгууллагынхан чухал үүрэг гүйцэтгэх юм. Гэвч тэднийг ийн “түлхэж” байгаа нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн дээрх байгууллагынхан мэдэгдлээ. Мөн ажиглагчаар оролцох боломжоор бүрэн хангахыг шаардан, СЕХ-нд өнөөдөр хүсэлт хүргүүлэх гэнэ. Хэрвээ богино цагаар ажиглагчаар оролцвол сонгуулийн үйл явцыг бүхэлд нь хянаж, дүн шинжилгээ хийх боломжгүй гэдгийг тэд хэллээ.