Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК), Нээлттэй нийгэм форумынхан хамтран “Сонгох эрх ба залуусын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа. 2016 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны залуусын 50 хүрэхгүй хувь нь оролцжээ. Залуус сонгуульд оролцох нь өөрсдийн итгэл үнэмшил, чиг хандлагыг улс төрийн бодлогод тусгаж, хэрэгжүүлэх ач холбогдолтойг ХЭҮК-ын гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Билгүүн онцолсон юм.
“Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч Д.Сүнжид “Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон Үндсэн хуульд заасны дагуу улс төрийн хувьд бидний эдлэх ёстой хамгийн чухал эрх нь сонгох. Сонгуулийг бүх нийтийн, нууц, шууд, чөлөөтэй гэх зарчмаар явуулдаг. Бүх нийтийн байх зарчмаар 18 нас хүрсэн, хорих ангид ял эдлээгүй бол саналаа өгөх эрхтэй. Гэхдээ коронавирусийн тархалттай холбоотой, гадаадаас ирж тусгаарлагдаж буй иргэд саналаа өгөх боломжгүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэн зөөврийн хайрцгаар дамжуулан саналаа өгдөг. Харин чөлөөтэй гэдэг нь хэнийг сонгох, эсэхийг та л шийдэх зарчим юм. Нууцлалын зарчмын тухайд сонгууль болгоноор л ярьж, зөвлөдөг. Таны хэнд санал өгснийг бусад нь хянах боломжгүй. Мөн хоёр мандаттай бол түүнийгээ нэг намын төлөө л өгөх ёстой гэх зэргээр төөрөгдүүлсэн, буруу мэдээлэл тарааж байна. Залуус саналаа нууцаар өгөх ёстой. Иргэдийн мэдээллийг цуглуулж, санал худалдан авах гэсэн оролдлого гарч байна. Та картынхаа нууц кодыг хүнд хэлдэггүйтэй адил регистрийн дугаараа бусдад битгий өгөөрэй. Бид Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох эрхтэй. Энэ бүхэнд дээрх дөрвөн зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, дүрэм, журам батлагдаж, хэр мөрдөгдөж буйг хянадаг, судалдаг, сайжруулдаг” гэв.
Хэдэн жилийн өмнө нэгэн иргэн “Саналаа нууцаар өгөх ёстой гэж үнэн үү. Манай хорооноос чи эсрэг намынханд саналаа өгсөн учир үйлчилгээ үзүүлэхээ больчихлоо” гэсэн гомдлыг иргэний нийгмийн байгууллагад ирүүлжээ. Тэгэхээр иргэд саналын хуудсаа бөглөж, хавтсанд хийн, машинд уншуулахдаа сайтар нууцлах хэрэгтэйг зөвлөв. Нөгөөтээгүүр, иргэний нийгмийн байгууллагуудын ажиглагч нар ийм зөрчлийг сайн хянаж, бүртгэх хэрэгтэйг онцоллоо. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Амарзаяа “Бид санал авах байрыг нээх үед буюу саналын хуудас, төхөөрөмжийг битүүмжлэлтэй, эсэхийг шалгадаг. Мөн санал авах үйл явцыг баримтжуулж, ямар зөрчил илэрснийг цаг минуттай нь бүртгэдэг. Энэ жил саналын хуудсыг хавтсанд хийж, нууцлах боломжийг олгосон. Тиймээс сонгогч хуудсыг бөглөөд, хавтсанд хийгээгүй тохиолдолд манай ажиглагчид зөрчил гэж бүртгэж байгаа. Сүүлд нь саналын хуудсыг тоолох үйл явцыг ажигладаг” гэв. Хэлэлцүүлгийн үеэр залуусаас асуулт хүлээн авч, харилцан ярилцсан юм. Үүнд нэгэн оюутан “Нэр дэвшигчдийг хэрхэн харьцуулж, сонголтоо зөв хийх боломжтой вэ” гэж асуулаа. Эхлээд мөрийн хөтөлбөртэй нь танилцаж, дараа нь түүнийгээ хэрэгжүүлэх чадвар, мэдлэг, туршлагатай, эсэхийг харгалзахыг төрийн бус байгууллагын төлөөлөл зөвлөв. Нөгөөтээгүүр, сурталчилгаагаа хуулийн дагуу, зүй зохистой явуулж буй, танилцуулсан, хэлсэн зүйл нь үнэн, зөв, бодитой эсэхийг шүүн тунгааж байхыг анхааруулав.
Залуус хэнийг сонгох гэж байгаагаа мэдэх ёстой талаар төгсгөлд нь тэмдэглэлээ. “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч Д.Сүнжид “Энэ удаагийн сонгуулиар бид УИХ-ын гишүүнийг сонгоно. Энэ байгууллагын үүрэг нь хууль тогтоох. Ерөнхий боловсролын сургуулиудын байрыг хүртээмжтэй болгох, хөгжлийн бэрхшээлтэй сурагчийг ердийн ангид яаж суралцуулах вэ гэдэг асуултын цаадах суурь нь Бага, дунд боловсролын тухай хуулиар зохицуулагдана. Дараагийн чиг үүрэг нь Засгийн газраар дамжуулан хуулийн хэрэгжилт ямар байгааг хянах юм. Сурталчилгааны үеэр хүмүүс “Энэ хашаа эвдэрчихлээ, тоглоомын талбай дутагдаж байна” гэх зэргээр хамааралгүй зүйлийг нэр дэвшигчдэд хэлж байна. Энэ бол УИХ-ын гишүүний шууд хэрэгжүүлэх үүрэг биш. Тиймээс залуу сонгогчид ямар бодлого, журам, хууль хэрэгтэй, юу нь дутагдаж байгааг анзаарах нь чухал” хэмээв. УИХ-ын гишүүдийн тайланд ч шатрын дугуйлан ажиллуулсан гэх зэргээр өөр чиг үүрэгтэй ажлуудыг хийсэн гэж танилцуулдаг нь буруу гэдгийг анхааруулсан юм. Энэ жил залууст чиглэсэн контент, сурталчилгаа их явуулж байгааг хэлэлцүүлгийн үеэр онцолж, идэвхтэй байж сонголтоо зөв хийхийг оролцогчид уриаллаа.
Бэлтгэсэн: Б.Нандин