Манай улсад өчигдөр “Ковид-19”-ийн шинэ тохиолдол илрээгүй, халдвар авсан хүний тоо 197 хэвээр байна. Улсын хэмжээнд вирус судлалын дөрвөн лабораторид энэ сарын 16-нд 316 хүний сорьцыг шинжлэхэд коронавирус илрээгүй гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр мэдээлэв. Коронавирусээр халдварласан хоёр иргэн өчигдөр эдгэрчээ. Тэдний нэг нь 15 настай бөгөөд 31 хоног эмчлүүлжээ. Нөгөөх нь ОХУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн, цэргийн сургуулийн сонсогч аж. Тэрбээр 31 хоног эмчлүүлсэн байна. Ингэснээр эдгэрсэн хүний тоо улсын хэмжээнд өчигдөр 111-т хүрлээ. Шинэ вирусээр халдварласан 86 хүн ХӨСҮТ-д өдгөө хэвтэн эмчлүүлж буй юм. Тэдний наймынх нь биеийн байдал хүндэвтэр гэнэ.
Шинэ төрлийн коронавирус өчигдрийн байдлаар 216 улс, бүс нутагт бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо бараг 8.3 саяд хүрлээ. Харвардын их сургуулийн эрдэмтэд уг нь 6-8 дугаар сард цар тахлын дэгдэлт буурна гэж тооцжээ. Гэсэн өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн таамаглахад, шинэ өвчин дарагдахгүй, дараагийн давлагаа эхлэн, дэлхий нийтийг хамарч болзошгүйг олон улсын эрдэмтэд анхааруулсан аж. АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо өчигдөр 2.2 саяд хүрэв. Эл үзүүлэлтээр Нэгдсэн улс дэлхийд тэргүүлж буй бөгөөд долдугаар сарын 21 хүртэл Канад, Мексик улстай хиллэдэг боомтуудаа нээхгүй гэсэн шийдэлд хүрсэн байна. АНУ, Канадын хилийг гуравдугаар сарын 21-нээс хойш хааж, зөвхөн зайлшгүй шаардлагатай ачаа тээврийг нэвтрүүлж буй юм.
2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар
Жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Бразил улсад энэ сарын 16-нд халдварын 34 900 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нэг хоногт хамгийн олон хүн өвчилсөн тохиолдол болсон аж. Халдвар авсан хүний тоо тус улсад өчигдрийн байдлаар 930 орчим мянга байв. Шинэ вирусийн тархалт Сан-Паулу, Рио-де-Жанейро хотод газар авчээ. Гэсэн ч Рио-де-Жанейро хотын захирагч өчигдрөөс хөл хорионы дэглэмийг сулруулснаа мэдэгдсэн гэнэ.
БНСУ-д сүүлийн сар гаруйн хугацаанд зөвхөн нийслэл Сөүл болон түүний эргэн тойрны нутаг дэвсгэрт “Ковид-19” бүртгэгдэж байсан. Тэгвэл өчигдрөөс Сөүлээс гаднах бүс нутгуудад коронавирусийн халдвар илэрч эхэлжээ. Тус улсын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам өчигдрөөс хумхаагийн эсрэг эмчилгээний гидроксихлорохин, хлорохин эмийг халдвартай өвчтөнүүдэд хэрэглэх туршилтаа зогсоосон аж. Тус улсын хоёр томоохон эмнэлэгт дээрх хоёр эм болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээний эмийг туршиж байжээ.
БНХАУ-ын Бээжин хотын “Шинфади” хүнсний захын шинэ голомтоос үүсэлтэй халдварын тоо өчигдөр 137 боллоо. Үүнтэй холбоотойгоор Бээжин рүү орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоов. Түүнчлэн халдвар гарсан захаар тавдугаар сарын 30-наас хойш үйлчлүүлсэн 200 000 орчим хүнийг шинжилгээнд хамруулжээ.
Оксфордын их сургуулийн судлаачид үе мөчний өвчин, уушгины багтраа зэрэгт хэрэглэдэг дексаметазон коронавирусийн эсрэг үйлчилж байгааг нотолсон байна. Ингэхдээ дексаметазоныг хэрэглэсэн 2000, хэрэглээгүй 4000 өвчтөний биеийн байдлыг харьцуулан судалсан аж. Амьсгалын аппараттай, биеийн байдал маш хүнд өвчтөний нас барах эрсдэлийг уг бэлдмэл 40-28 хувь болгож бууруулсан нь судалгаагаар тодорхой болжээ. Мөн хүчилтөрөгч шаардлагатай өвчтөний нас барах эрсдэлийг 25-20 хувь болгож бууруулсан гэнэ. Өөрөөр хэлбэл, амьсгалын аппараттай найман өвчтөний, хүчилтөрөгчийн хангамж шаардлагатай 25 хүн тутмын нэгийг уг бэлдмэлээр аврах боломжтой гэв. Цар тахал дэгдэж эхэлсэн цагаас энэхүү бэлдмэлийг хэрэглэсэн бол зөвхөн Британид гэхэд 5000 гаруй хүний амийг аврах боломжтой байсан гэж судлаачид дүгнэжээ.
2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Нэг тэрбум иений тусламж үзүүлнэ
Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар хэрэгжих “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих төсөл”, буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн талаарх Засгийн газар хоорондын солилцох ноот бичигт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар өчигдөр гарын үсэг зурлаа. “Дэлхийн улс орнууд “Ковид-19”-тэй тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед манай стратегийн түнш Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бодит дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлье. Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нэг тэрбум иений эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж байгаа нь цаг үеэ олсон тусламж боллоо” гэж Д.Цогтбаатар сайд онцлов.
Япон Улсын Засгийн газрын “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд улс орны хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйтэй залуу төрийн албан хаагчдыг тус улсын их, дээд сургуульд суралцуулж, мэдлэг олгодог нэн ач холбогдолтой хөтөлбөр юм. “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” 2020-2024 онд хэрэгжинэ. Хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулж 2020 оны санхүүгийн жилд 249 сая иений буцалтгүй тусламж олгоно. Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд хууль, эдийн засаг, төрийн удирдлага зэрэг мэргэжлээр төрийн болон хувийн хэвшлийн 16 албан хаагч магистр, докторын сургалтад хамрагдах юм.
Сөүл-Улаанбаатарын онгоцоор 257 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 17.48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардав. Гуравдагч улсаас Солонгост дамжин ирээд байсан 257 иргэн уг онгоцонд суусны 40 нь өндөр настан, 57 нь эрүүл мэндийн шалтгаантай, 68 нь бага насны хүүхэдтэй гэр бүл бол дөрөв нь жирэмсэн, бусад нь хүндэтгэх шалтгаантай аж. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэдийг нь Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д, бусдыг нь “Зүчи”, “Альфа”, “Дрийм” зэрэг зочид буудалд тусгаарлажээ.
ЗӨВЛӨГӨӨ
“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас салбар, мэргэжил бүрээр нарийвчлан боловсруулж буй билээ. Энэ удаад газар тариалан эрхлэгчдэд зориулж зөвлөмж боловсруулсныг хүргэе.
Тамхи дамжуулан татаж болохгүй
- Бээлий, нүдний шил тогтмол хэрэглээрэй.
- Бохир гараа ам, хамар, нүүрэндээ хүргэж болохгүй.
- Машин, техник хэрэгслийн жолооны хүрд, бариул зэрэг хүний гар байнга хүрдэг хэсгийг ариутгах шаардлагатай. Ингэхдээ нэг литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хольж, халдваргүйжүүлэх уусмал хийх шаардлагатай.
- Ажлын хувцсаа тогтмол угааж, цэвэрлэх ёстой.
- Алчуур, хувцас, хөнжил, гудас зэргийг наранд тавиарай.
- Ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй, өөрийн усны савтай байх шаардлагатай.
- Сүү, цагаан идээ, жимс ногоо зэрэг шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэ.
- Бүлээн шингэн ойр ойрхон уух хэрэгтэй.
- Тамхи дамжуулан татаж болохгүй.
- Шүлсээ ил задгай бүү хаяарай.
- Хэт ядрахгүй, эрт амрах нь таны дархлааг дэмжинэ.
- “Ковид-19”-ийн талаарх үнэн зөв мэдээллийг тогтмол авч хэвших нь зүйтэй.
- Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарын утсанд хандаарай.