ДЭМБ-ын мэдээллээс харахад энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар дэлхий дахинд хэт таргалалтын тоон үзүүлэлт 1975 оныхоос гурав дахин өссөн байна. 2016 онд дэлхийд насанд хүрсэн хүний 39 хувь нь илүүдэл жинтэй, 13 хувь нь хэт тарган байжээ. Илүүдэл жингээс үүдэлтэй өвчнөөр нас барсан хүний тоо жингийн алдагдлаас болж амиа алдсан хүнийхээс өндөр байна. Тэр дундаа хүүхдийн таргалалт том асуудал болсныг ДЭМБ-аас гаргасан судалгаанд дурджээ. Өнгөрсөн онд дэлхий нийтэд таваас доош насны 38 сая хүүхэд илүүдэл жинтэй байсныг онцолжээ. Таргалалт бол илүүдэл өөх бөгөөд чимээгүй тахал юм. Цөөнгүй шалтгааны улмаас таргалалт үүсдэг ч амьдралын буруу хэв маяг хамгийн их нөлөөтэй. Зүрх, судас, чихрийн шижин, үе мөч, мэдрэлийн өвчин үүсэхэд хэт таргалах нь нөлөөлдөг. Энэ талаар Австралийн Нийгмийн халамж, эрүүл мэндийн институтийн зөвлөснөөр, хүн бүр хэвийн жиндээ байх аваас чихрийн шижин өвчнийг 53, үе мөчний үрэвслийг 45, улаан хоолойн хавдрыг 38, цус харвалтыг 22, зүрх, судасны өвчнийг 25, хөхний хавдрыг 22, бөөрний архаг өвчнийг 38, нарийн болон бүдүүн гэдэсний хавдрыг 13, нурууны өвдөлтийг найм, сэтгэцийн эмгэгийг зургаан хувиар бууруулах боломжтой хэмээжээ. Таргалалтаас ангижрахын тулд зөв хооллох буюу шим, тэжээлийг тэнцвэртэй хэмжээгээр авч сурах, өөрт тохирсон дасгал, хөдөлгөөн хийх, стрессээ эрүүл аргаар, тухайлбал, бясалгал, иог, найз нөхөдтэйгөө уулзаж ярилцах зэргээр тайлж сурах, бүтэн нойртой хонохыг зөвлөжээ.
Бэлтгэсэн: Ч.Болор