Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийнхэн саяхан 41 дэх удаагийн эрдмийн чуулганаа хийсэн. Мөн ховор тохиолддог өвчин, эмгэгийг хэрхэн эмчилсэн талаарх салбарынхны туршлагыг солилцох анхдугаар хурлыг зохион байгуулсан билээ. Тус эмнэлгийн сургалт, эрдэм шинжилгээ, стратеги эрхэлсэн захирал С.Мөнхбаярлахаас дараах зүйлийг тодрууллаа.
-41 дэх удаагийн эрдмийн чуулганы онцлог нь юу байв?
-Манай эмнэлгийнхэн оношилгоо, эмчилгээнээс гадна эрдэм шинжилгээний ажил, судалгаа хийж, төгсөлтийн өмнөх болон дараах сургалт явуулдаг. Үүний дагуу эмч, мэргэжилтнүүдийнхээ хийсэн судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгож, хэлэлцүүлдэг уламжлалтай. Энэ удаагийнхыг цахимаар зохион байгуулсан учир зөвхөн манай эмнэлгийн биш, салбарын хэмжээнд судлаачдын бүтээлийг танилцууллаа. Сувилахуйн, дотрын, мэс заслын анагаах ухаан гэсэн гурван том сэдвийн хүрээнд 700 орчим эмч, судлаач оролцож, 120 гаруй илтгэл илгээснээс эхний шатанд салбар тус бүрээс 10-ыг тодруулж, судалгааны есөн багийг шилдгээр шалгаруулсан. Эмч, мэргэжилтнүүд анагаахын салбарт нэвтэрч буй инновац, шинэ технологийг нутагшуулдаг, түүндээ тулгуурлан судалгаа хийдэг, нотолдог, нотолгоогоо эмнэл зүйд ашиглахыг шинэ зуун шаардаж байна.
-Судалгааны олон илтгэл хэлэлцүүлжээ. Чансаатай бүтээлүүдээс танилцуулаач.
-Энэ жилийн илтгэлүүд сонирхол татахуйц байсан. Эмч, мэргэжилтнүүдийн олонх нь ажлын талбарт судалгаа хийсэн учраас УНТЭ-ээр үйлчлүүлэгчдэд тохиолдож буй өвчин, эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг түлхүү зорьсон. Сонирхуулахад, сувилахуйн чиглэлээр хийсэн нэгэн судалгаанд эмнэлгийн нийт ажилтны бодисын солилцооны хам шинж, илүүдэл жингийн асуудлыг авч үзсэн байв. Уг судалгаанаас эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэндийг анхаарах, зөв зохистой амьдрах хэв маягийг бүрдүүлэх арга хэмжээг даруй авах шаардлагатай нь харагдсан тул ажил хэрэг болгохоор төлөвлөсөн. Мөн элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологитой холбоотой сонирхолтой, нотолгоо болохоор илтгэл ч байсан. Ер нь улсын бүх эмнэлэг эрдэм шинжилгээний бага хурлыг дотооддоо зохион байгуулдаг. Цаашид эрдмийн чуулганыг салбарын хэмжээнийх болгох үндэс суурь энэ удаад тавигдсан гэж ойлгож болно.
-УНТЭ-ийнхнийг өнөө жил оношилгоо, эмчилгээний олон шинэ технологи нэвтрүүлэхээр зорьж буй талаар сонслоо.
-Эмнэлгийг 2020-2024 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна. Үүний хүрээнд нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо анх удаа хийхээр бэлтгэл хангалаа. Уг эмчилгээний эмнэл зүйн зааврыг боловсруулж, батлуулсан. Энэ чиглэлээр БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвд дөрвөн эмчээ сургаж, бэлдлээ. Мөн Зүрхний төв байгуулж, Шигдээсийн нэгжтэй болсон. Тус төвд зүрх, судасны өвчнийг оношилж, эмчилдэг ангиографын дэвшилт технологи нэвтрүүлэн, үүнд үндэслэн зүрхний мэс заслыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн “Салбарын хөгжилд хамтдаа” аяныг өрнүүлж, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт явуулдаг болсон. Одоогоор манайд үндсэн 11 чиглэлээр 250 резидент, төрөлжсөн нарийн мэргэжлийн 13 хөтөлбөрт 30 эмч, сувилахуйн чиглэлээр 140 гаруй хүн суралцаж байна.
Бэлтгэсэн: О.Ундрах